С.Баярцогт: 1990 онд дөрвөн сонгуулийг зэрэг хийж болсон юм
С.Баярцогт: УИХ-ын гишүүн
2012.02.20

С.Баярцогт: 1990 онд дөрвөн сонгуулийг зэрэг хийж болсон юм


Сангийн сайд асан С.Баярцогт

УИХ-ын намрын чуулган зав­сарласан ч зарим нэг асуу­далд санал нэгдэж чадалгүй та­р­­лаа. Тиймээс ээлжит бус чуул­­ган зарлан хуралдуулах за­хи­рамжийг УИХ-ын дарга гар­гасан. Өөрөөр хэлбэл нэгдсэн санал дүгнэлтэд хүрч чадаагүй Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон байна. Ингээд УИХ-ын гишүүн С.Баярцогтоос зарим асуултад хариулт авлаа.

-АН сөрөг хүчний дүрд амар­хан хувирч эхэллээ. Хам­тарч нэгдээд Засгийн газар бай­гуулахдаа олон сайхан үг урс­га­даг байсан. Харин одоо юм л бол сөрөг хүчин гэж зөрүүдэлж, зав­сарлага авдаг боллоо?

-Тийм зүйл огт байхгүй. Яг юун дээрээс болоод энэ асуултыг тавьж байгааг чинь сайн ойлгохгүй байна. Жишээ нь АН хаана, яаж завсарлага авчихсан юм бэ.

-Хамгийн ойрын жишээ гэ­вэл Сонгуулийн хуулийн тог­тол­цоо л юм даа?

-Нэг зүйлийг маш сайн ойл­гох хэрэгтэй. 2008 онд УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулъя гэж намууд ярилцсан. Ингэж ярилцаж байсныг маш тод санаж байна. Нөгөө талаар бид Үндсэн хууль болон аливаа хуульд өөрчлөлт оруулахдаа өөрс­­дө­дөө хамааралтай УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ямар ч хууль хэрэгжүүлдэггүй. Да­раа­гийн бүрэн эрхийн хуга­цаанд хэ­рэг­жүүлдэг жишгийг тог­тоо­чих­сон шүү дээ. Энэ утгаа­раа бид гаргасан биш өмнөх парламентад тохирчихсон асуудлаар хоёр нам санал зөрөлдсөн гэж ойлгож болно.

-Магадгүй ирэх сонгуульд АН ялна гэдэг бодолдоо хэт ит­­гэснээс асуудлыг ийнхүү гуй­вуу­лаад байгаа юм биш үү?

-АН-ынханд тийм бодол алга.

-Тэгвэл яагаад ярилцаж то­хир­сон асуудлуудаасаа эргэж бу­цаад байгаа юм бэ?

-Сонгуулийн хуулийн тухайд 2008 онд хоёр сонгуулийг хам­тад нь явуулна гэдгийг ярил­цаад шийдчихсэн зүйл. АН Зас­гийн газраас гарчихаад ин­гэж авирлаж байгаа юм биш гэд­гийг ялгаж салгаж ойлгох хэ­рэг­тэй.

-2008 онд тохирсон асуудал гэхэд механизмаа хэзээ ярил­цана гэсэн юм бэ. Жишээ нь тодорхой асуудалд санал нэг­­дээ­гүйн улмаас сонгууль буд­лиан­тахыг үгүйсгэх аргагүй. Дахиад л 2008 оны долоодугаар сарын нэгэн шиг эмх замбараагүй байдал болж мэднэ шүү дээ?

-Ирэх сонгуулийг тэгж ха­раад байгаа юм биш биз дээ. Мон­гол хүн амны билгээр гэж ярьдаг байх аа.

-Хардсан зүйл алга л даа. Гэх­дээ өмнөх сонгуулийн турш­лагаас харахад дандаа л мар­гаан гардаг. Үүний тодхон гэрч нь 2008 оны долоодугаар сарын нэг­ний үйл явдал гэдгийг хэн хүн­гүй мэдэж байгаа?

-Хийе гэсэн хүн аргаа олдог, хийхгүй гэсэн хүн шалтаг тооч­дог гэдэг үг байдаг даа. Ингэж ярьж байгаа чинь яг тийм үгийг хэлчихэж байгаатай адил сон­согдож байна. Долоодугаар са­рын нэгний үйл явдлын хувьд хийх­гүй гэсэн хүмүүсийн өө эрсэн шалтаг төдийхөн юм даа.

-АН анхнаасаа Сонгуулийн хуу­лийн механизм дээр тохи­роо­гүй. Ийм мэтийн жижиг сажиг зүйлс гарах учраас бойкотолж бол­но гэж улстөрийн өнцгөөс үз­сэн юм биш үү?

-Үгүй ээ. Хоёр өөр сонгуу­лийн системээр явагдах сон­гууль учраас ямар ч асуудал үү­сэх­гүй.

-Гэхдээ хоёр өөр ситемээр яваг­дах сонгууль хэдий ч хуга­цааны хувьд асуудал үүсч буди­л­ах янз бүрийн шалтгаан гарч л таарна?

-Зэрэг явуулна гэдэг нь нэг өдөр явуулна гэсэн үг. Тэгэхээр ямар ойлгомжгүй зүйл байгаа юм бэ. Будилах асуудал байхгүй.

-Шалтгааныг нь бодолцож үзээгүй юм уу?

-Шалтгааныг бололцож үзээд байх зүйлгүй. Би 1990 оны Сонгуулийн төв комиссын ги­шүүн байж үзсэн. Энэ ажлыг сайн мэднэ. Тэгэхэд дөрвөн сонгуу­лийг зэрэг явуулсан. Анх­ны ардчилсан сонгууль бай­сан гэдэг утгаараа ямар нэг хүнд­рэл гарах болов уу гэж бодож байсан ч гараагүй. Үүнээс хойш монголчууд зургаан удаа сон­гуульд оролцлоо. Сурвал сурчих хугацаа байгаа биз дээ. Энэ туршлага, алдаа оноон дээрээ суу­рилаад зохион байгуулалттай хийх юм бол ямар нэг хүндрэл гарахгүй. Ерөөсөө л сэтгэлийн зүйл юм шүү дээ.

-1990 оны сонгуулийн төв комис­сын үйл ажиллагаа одоо­гийнхоос ялгаатай байж таарна. Хамгийн наад зах нь нийгмийн сэтгэлзүй ямар байлаа?

-Нийгэм ямар байх нь ха­маагүй. Хүмүүс очоод л, саналаа өгч байсан. Тэр саналыг нь тоол­дог. Нийгэм социалист, ка­пи­талист байх нь хамаагүй. Ард­чилсан зарчмаар явж байвал асуу­дал­гүй. Нэг өдөр хоёр сон­гуу­лийг зэрэг явуулахад ямар ч хүндрэл гарахгүй. Миний үеийн сонгуулийн төв комисст ажил­лаж байсан үеэс өөрчлөлт орсон зүйл юу байгаа юм бэ. 23-хан настай байхдаа сонгуулийн төв комиссын гишүүнээр ажиллаж, дөрвөн сонгуулийг зэрэг зохион байгуулж байсан. Монголчууд анх удаа ардчилсан чөлөөт сон­гууль хийж үзсэн тэр үед хийж болсон юм чинь одоо яагаад хамт явуулж чадахгүй гээд зүтгэж байгааг ойлгохгүй байна.

-Мэдээж таны хувьд намын бүл­гийн шийдвэрийг дагах нь зүйн хэрэг. Тийм болохоор л ингэж зүтгээд байгаа юм байна шүү дээ?

-Манайх шиг нэг жилд УИХ, Ерөн­хийлөгч, орон нутгийн гээд том сонгуулийг хийдэг улс оронд хамтад нь явуулах хэ­­рэг­­тэй. Бүхэл бүтэн нэг жи­лийг улс­төржсөөр байгаад өнгө­рүүлдэг. Тэрийгээ аль аль тал нь ойл­гоод, 2008 оны УИХ, орон нутгийн сонгуулиа хийчихээд 2012 оны сонгуулийг хамт явуулъя гээд дөрвөн жилийн өмнө шийд­чихсэн. Үүнийг МАН-ыхан сайн мэдэж байгаа. Цоо шинэ зүйл яриад байгаа ч юм биш.

-Механик асуудлууд дотроос машинаар тоолоход хүмүүс эр­гэлзээд эхэлчихсэн. Манайхны туршлага дутна. Гараар тоолно. Тэгээд мэдээллийг түгээх бо­ломж хомс гэхчилэн учир ду­таг­далтай асуудлуудыг яах вэ?

-Дургүй хүн хичнээн л бол хичнээн шалтаг тоочдог. Хүсч байгаа нь аргаа олдог. Хү­сэх­гүй байгаа бол асуудал нь ойл­гомж­той шүү дээ. Урьд нь бүгдээрээ гараараа тоолдог байсан. Хүнд­рэл гардаггүй байсан. Одоо ма­шинаар тоолно гэхээр бас өөр шал­таг хайгаад эхлэх юм.

-Монгол Улс өргөн уудам га­зар нутагтай. Газар ор­ны зах хяз­гаарт мэдээлэл хүрэх­гүй. Компью­тергүй, тог цахил­гаан­гүй сумд хүртэл бий шүү дээ?

-Хаана тийм сум байгаа юм бэ.

-Зах хязгаар нутгийн айм­гуудын сумдад байж л байгаа шүү дээ?

-Тэгж бодохгүй байна. Ди­зе­лиэр хангаад, бүгдийг зо­хион бай­гуулж болно шүү дээ.

-Механик саатлууд гарна гэ­д­гийг бодолцох ёстой?

-Анх удаагаа сонгууль өгч байгаа юм биш шүү дээ. 1990 оноос хойш ардчилсан сонгууль өгөөд 22 жил боллоо. Одоо бид ийм юм ярих инээдэмтэй байна. Анхны ардчилсан сонгуулийг хийж байхад АИХ-ын депута­туудыг сонгох сонгууль, аймаг болон сумын ардын депутатуудыг сонгох сонгууль, дээрээс нь Улсын бага хурлыг сонгох сонгууль гээд дөрвөн сонгуулийг зэрэг явуулсан.

1990 онд Монгол Улсын түүхэн дэх хамгийн олон нэр дэвшигчийг сонгосон.

АИХ-ын депутатуудыг сонгох сонгууль хоёр шаттай болж байхад ямар ч асуудал гарахгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэг зэрэг явуулснаас болоод хүндрэл будлиан, үл ойлголцох байдал гарна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Дөрвөн жилийн өмнө ингэж хийнэ гэдгээ тодорхойлоод дөрвөн жилийн хугацаанд гол гол намууд сэтгэлзүй болон хуульзүйн хувьд ч бүгд бэлтгэлтэй байсан. Яах вэ, цаг хугацааны хувьд шалтгаалах зүйлүүд бий. Гэхдээ сонгуулийг цугт нь хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэдгийг баталгаатай хэлж чадна.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.