Ө.Энхтүвшин:Асуудалд шуурхай хандья гэвэл Засгийн газарт эрх олгох хэрэгтэй
2012.02.07

Ө.Энхтүвшин:Асуудалд шуурхай хандья гэвэл Засгийн газарт эрх олгох хэрэгтэй

Хамтарсан Засгийн газар салснаар Монгол Улсын Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгосон. Гэвч энэ оны улсын төсөвт Тэргүүн шадар сайдын багцад мөнгө суулгасан байгаа. Нэгэнт орон тоо нь байхгүй учраас төсвийг хэрхэн зарцуулах нь ойлгомжгүй байгаа аж. Тиймээс үүнийг зохицуулах үүднээс Засгийн газарт зарим эрх олгох тухай тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээддэмжсэн байна. Засгийн газарт дээрхээс гадна цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн тогтоолын төслийг заавал УИХ-д оруулахгүйгээр шийдэх эрх олгох тухай асуудал яригджээ. Мөн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг судлан, тооцоо судалгааг нь нэгтгэх үүднээс хаврын чуулган эхэлсэн даруйд хэлэлцье гэж шийджээ. Харин тэтгэврийн зөрүү арилгах асуудлыг энэ намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж, батлах нь зөв гэж үзсэн гэж тус бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин хэлж байв.Түүнийг ийн мэдээлсний дараа заримзүйлийг тодруулсан юм.
-Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжээгүй. Энэ нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа хэлбэр хэмээн тайлбарласан.

-Хууль зөрчсөн зүйл байхгүй. Өмнө нь ийм практик байсан юм билээ. Тухайлбал, 2006 онд намайг БСШУ-ы сайд болох үед УИХ-аас тогтоол гаргаад сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүл гэсэн. Гэхдээ тухайн үед төсөвт мөнгө суугаагүй, харин тогтоол нь гарсан байдаг.

Тэр үед би тухайн жилийнхээ 10, 11, 12 дугаар сарын санхүүжилтийг урагш нь гүйлгээд зохицуулж болж байсан. Өмнөх практикаар энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал харагдаагүй. Нэгэнт цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмнэ гээд олон нийтэд хүлээлт үүсгэчихсэн учраас даруй хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд Ардчилсан нам саад учруулахгүй биз гэж бодож байна.

-Төсвийн тодотгол хийж болохгүй юм уу?

-Тодотгол хийхгүйгээр эрх авах тухай асуудал оруулж ирчихээд байна. Харин хэдэн сарын дараа тодотгол хийх үеэрээ зохицуулаад явчихдаг эрх авах тухай асуудал орж ирчихээд байна. Тодотголыг хийж болно. Гэхдээ асуудалд илүү шуурхай хандъя гэвэл эрх авах нь зөв юм.

-Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамтад нь хийх хуультай. Харин танай бүлгийн зарим гишүүн Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж, тусад нь хийх талаар ярьж байна. Мөн Ардчилсан нам эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдэж байсан. Хоёр нам өөр өөрийн байр суурийг хамгаалж тулсан байдалтай байгаа энэ үед дахиад гацаа үүсэх юм биш биз дээ?

-Хамтад нь хийнэ гэвэл 10 гаруй асуудал тулгарч байна. Тухайн үед орон даяар бүх шатны сонгууль болно. Баг, хорооны Засаг даргаас эхлээд УИХ-ын сонгууль зэрэг болж, түүнийг баталгаажуулна гэдэг нэлээд төвөгтэй болчих вий гэж болгоомжилж байна. 20-иод мянган хүн оролцох тооцоотой. Энэ бүхнийг нэг өдөр хийнэ гэдэг техник болоод хүн хүч, хууль эрх зүй, улс төр талаасаа хүнд. Тиймээс Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжсэн.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.