Хүчирхэг нам байхын төлөө хөрөнгөтэй хүмүүст анхаарал тавьдаг байж болохгүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.02.06

Хүчирхэг нам байхын төлөө хөрөнгөтэй хүмүүст анхаарал тавьдаг байж болохгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг "Ярилцах танхим "-даа урилаа.

-Танай намын бага хурлаас Хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Үүнийг үлгэрийн хөтөлбөр гэх болж. Шүүмжлэлтэй тал нь юунд байна?

-Манай эдийн засгийн үзүүлэлтүүдийг 10 жилийн өмнөхтэй харьцуулбал үнэхээр тухайн цаг үед төсөөлж байгаагүй өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүн, төсөв 15-17 дахин өссөн байна. Хөрөнгө оруулалт бараг 40 дахин өссөн тооцоо гарсан шүү дээ.Дэлхийн санхүүгийн томоохон байгууллагууд болох Дэлхийн банк, "Сити групп", "Голдман сакс"-ын төсөөлж буйгаар 2015-2025 оны хооронд манай эдийн засгийн өсөлт маш хурдтай байна гэсэн байсан. Энэ нь дэлхийн хамгийн хөгжлийн хурдацтай эдийн засагтай таван улсын нэг байна гэсэн үг юм билээ. Тиймээс үүнийг үлгэр гэж болохгүй байх аа.

Байгалийн баялаг маань бидэнд хөгжлийн асар том боломжийг нээж өгч байна.

Энэ бүхнийг тооцож үзсэний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн байж таарна. Харин цаашид хэлэлцүүлгийн явцад эдийн засгийн хөгжлийн үр шимийг нийгмийн цөөнх бус олонх болсон иргэд маань илүү хүртэхэд чиглүүлж хөтөлбөрийг улам сайжруулах шаардлага байх шиг санагдсаныг үгүйсгэхгүй.

-Нөгөөтэйгүүр Сонгуулийн тухай хуульд амлалт өгч болохгүй гэж заасан учир намынхаа мөрийн хөтөлбөрийг хөгжлийн хөтөлбөр нэртэйгээр гаргачихсан юм шиг санагдсан. Та юу гэж бодож байна?

-Огт амлалтгүй сонгууль гэж юу байх вэ. "Ажлын байрыг тэдэн мянгад хүргэнэ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг төдөн хувь болгоно" гээд л амлана шүү дээ. Энэ амлалт бол байх л ёстой асуудал. Харин бэлэн мөнгө амлаж болохгүй. Ер нь амлалтууд эдийн засгийн боломжийн хүрээнээс хэтэрч болохгүй. Төсвийн харилцааг зохицуулсан шинэ хуулиудаар ийм хязгаарыг тавьж өгсөн байгаа.

-Танай намын хөгжлийн хөтөлбөрийг Ардчилсан намын "Монгол хүн 2020" хөтөлбөрөөс хуулбарлачихсан байна. Эрх баригч намууд үзэл бодлоороо ялгарахаа болилоо гэж шүүмжлэх ч хүмүүс байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна?

-Харин хэн нь хэнийгээ дагаад яваа юм бол гэдэг асуултыг тавих хэрэгтэй л дээ. Олон түмний санал бодолд түшиглэж хөтөлбөрөө боловсруулах зорилгоор "Ард түмнээ сонсох аян" гэдгийг манай нам эхлүүлсэн. Түүний дараа Ардчилсан намын нөхөд маань биднийг дагаад л ард иргэдээ сонсож хэлсэн шиг санагдаж байна. Хамтарснаас болсон уу, яасан юм ер нь манай намын нөхдийн хийсэн, санаачилсан зүйлүүдтэй ижил төстэй арга хэмжээнүүд ихтэй л дөрвөн жилийг бид туулах шив. Тэр талаас нь харвал, намууд үзэл бодлоороо ялгарахгүй байна гэж хэлж болох л юм.

-Танай намын хэсэг гишүүн намынхаа удирдлагуудын хийж буй үйлдэлд нэлээд сэтгэл дундуур байгаагаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн. Үүнээс болж намын дарга тань нэг нэгээр нь дуудаж сануулга өгсөн гэсэн. Юу ярьсан юм бэ?

-Саяхан хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам өрх тусгаарлаж улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлын талаар болон ээлжит сонгууль хаяанд ирсэнтэй холбогдуулж намын эв нэгдлийг хангах, хэсэг бүлэг
хүнийг хамарсан боловсон хүчний бодлого явуулахгүй байх зэрэг өргөн сэдвээр бүлгийн гишүүд ярилцсан л даа. Мөн ирэх сонгууль, тухайн тойргийн асуудлаар гишүүд намын удирдлагуудтай ганцаарчилсан уулзалт хийж байгаа.

-Шүүмжлээд зогсохгүй бүлэг 12 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулах гэж байгаа гэж сонссон?

-Бүлэг байгуулах тухай сонсоогүй юм байна. Харин фракц байгуулах тухай ярьж л байдаг юм.

-Зарим нь бүр МАХН-д элсэх санал гаргасан гэсэн. Тийм юм болсон уу?

-МАХН-тай эв зүйгээ ололцох, нэгдмэл байдлаа хадгалах талаар зарим нэг гишүүн санал хэлж байсан нь үнэн.

-Тойргийнхуваарилалтынталаар нэлээд  маргаан  үүсээд байгаа юм аа даа?

-Зарим тойрог дээр мандатын тоо цөөрсөнтэй холбогдоод чихэлдэх хандлага гарч байх шиг санагдсан шүү.

-Сайд нарын томилгооны асуудал дээр ямар бодолтой байна. Мөнгөний томилгоо болсон гээд байгаа шүү дээ?

-Олон түмний дэмжлэгийг авч улс төрд удаан оршин тогтнож, хүчирхэг нам байхын тулд хөрөнгөтэй хүмүүст илүү ач холбогдол өгч, анхаарал тавьдаг байж болохгүй л дээ. Мөнгө хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ санал өгөх иргэд, намын жирийн гишүүд, дэмжигчид олуулаа шүү. Зөвхөн нэг хүнд тэгж бодогдоод энэ асуудлыг  тавиагүй  байх.  Тиймээс  намын удирдлагууд энэ асуудалд цаашид анхаарал хандуулах ёстой.

-Таны бодлоор энэ зургаан сарын хугацаанд Засгийн газар хийх ёстой ажлаа амжуулж чадах болов уу?

-Амжуулахын төлөө зүтгэхгүй гээд яах билээ. Намынхаа бүх нөөц бололцоог ашиглаж, эв нэгдлээ эрхэмлээд зүтгэвэл амжуулах бололцоо энэ том улс төрийн хүчинд байлгүй яах вэ.

-Энэ сарын 8-н гэхэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хэвийн түвшинд хүргэх саналыгЗасгийнгазартхүргүүлсэн. Хажууд нь төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэхээр амлачихсан байдаг. Гэтэл төсөвт мөнгө байхгүй учир бонд гаргах эсвэл Монголбанкнаас мөнгө зээлэх гэсэн хоёр арга л байна гэж зарим гишүүн ярьж байсан?

-УИХ цалин, тэтгэврийн нэмэгдэл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг 2012 оны төсөвт тусгасан. Өөрөөр хэлбэл, УИХ хийх ажлаа хийсэн гэсэн үг. Харин татварын орлогоо цуглуулж мөнгө, хөрөнгөө  босгох  эсэх  нь  Засгийн газрын ур ухаанаа гаргаж хийх ажил юм. Үүнээс гадна үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн хуулийн шинж чанартай зохицуулалт шаардлагатай байвал яаралтай УИХ-д оруулж энэ асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй юм.

-Ямар гарц байж болох вэ?

-Тухайлбал, хувийн хэвшлийнхэн бараа, үйлчилгээний хөлсөө нэмэх замаар ажиллагсдынхаа цалин, хөлсийг нэмэгдүүлэхгүй байлгах зорилгоор зарим нэг татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлж болно шүү дээ.

-Одоо үүсээд байгаа асуудлуудыг төсвийн тодотголоор шийдэж чадах болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Улс орны эрх ашигт зайлшгүй шаардлагатай зарим арга хэмжээг авах зорилгоор төсөвт тодотгол хийх шаардлага гарвал улстөржиж, хааж боогоод эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихэж болохгүй. Улс төрийг улс орны маань үндэсний эрх ашиг гэсэн хязгаар дотор явуулах ёс зүй бидэнд байх ёстой гэдгийг санах хэрэгтэй юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.