ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илкка Канерва,
Эрхэм хүндэт парламентын төлөөлөгчид өө,
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн намрын хуралд оролцож байгаа зочид төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улс гурван жилийн өмнө 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчимд тулгуурлан байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад жинхэнэ гишүүнээр элссэн. Энэхүү чухал байгууллагад гишүүнээр элссэнээр Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлага харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох бодит нөхцөл бүрдсэн юм.
Өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дэлхий дахинд болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой чухал үүрэг бүхий байгууллага болон бэхжиж байна.
Дэлхийн 57 орныг эгнээндээ нэгтгэсэн энх тайвныг эрхэмлэгч, хамгаалагч энэхүү байгууллагын бүтцэд ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд гишүүн орнуудын парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд Парламентын Ассамблейг байгуулжээ.
Монгол Улсын Их Хурал 2012 онд энэхүү нэр хүндтэй парламентын Ассамблейн 57 дахь буюу отгон гишүүн болсон. 2014 оны 10 дугаар сард Женев хотноо зохиогдсон 13 дугаар намрын хурлаар өнөөдрийн хурлыг Монгол Улсад хийх шийдвэр гарсан нь манай улсын олон улсын нэр хүнд өсөж, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахихад Монгол Улс ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж, бодитой хувь нэмэр оруулж байгаагийн илрэл гэж үзэж байна.
Энэхүү хурлыг энэ бүс нутагт, эх орондоо анх удаа зохион байгуулж байгаадаа бид баяртай байгаа бөгөөд 2016 онд Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгааг Та бүхэнд дахин дуулгахад таатай байна.
ЕАБХАБ-ын Парламентын ассамблей бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гишүүн орнуудын парламент, парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ээдрээтэй асуудлыг нээлттэй хэлэлцэж, зөвшилцөж ажилладаг.
Өнөөдөр манай дэлхийн олон газар, бүс нутгуудад ээдрээтэй, хүндрэлтэй асуудлууд цөөнгүй байна. Энэ нь олон улсын байгууллагуудын уялдаа, холбоог сайжруулах, улам нягт хамтран ажиллах, гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх шаардлагыг зүй ёсоор тавьж байна.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн хурлаар “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах мөн хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх болон хүйсийн эрх чөлөө зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа хоёр өдөр хэлэлцэхээр төлөвлөж байна.
Өөр өөрсдийн орны ард түмнээс сонгогдсон парламентын гишүүд Та бүхэн энэхүү дэвшүүлсэн зорилт, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцэж, зөвшилцөлд хүрнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
ЕАБХАБ-ын намрын хурал Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг монголчууд бид өргөнөөр тэмдэглэж байгаа үед тохиож байна. Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, өнөөдөр Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг хэлэхэд таатай байна.
Энэхүү амжилтанд хүрэхэд ЕАБХАБ болон түүний гишүүн олон орны парламент, түүний гишүүдийн сэтгэлийн бодит дэмжлэг байсан гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.
Хурлын ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.