Хуучин танилууд уулзаж, хамтарч ажиллахаар боллоо
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.09.15

Хуучин танилууд уулзаж, хамтарч ажиллахаар боллоо

Хөдөлмөрийн сайдтай уулзах хүсэлт гаргасан хүндтэй зочдын нэг нь Монгол-Японы Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхийлөгч, Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн зөвлөх Кога Иссей сан байлаа.

Тэрбээр өчигдөр Хөдөлмөрийн яаманд зочилж УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай уулзсан юм. Хуучин танилын хувиар Когаэсе сан Г.Баярсайхан сайдтай уулзаж, хөдөлмөрийн салбарыг тэргүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай албыг хүлээж авсанд биечлэн баяр хүргэхээр ирснээ дуулгав. 

Тэдний анхны уулзалт Японд болж байсан бөгөөд Монголын парламентын гишүүдийг хүлээн авч уулзан чин сэтгэлийн элэгсэг дотно яриа өрнүүлж байсан төдийгүй тэр үед ярьж хэлсэн зүйлүүд ажил хэрэг болж хамтын ажиллагаа амжилттай явааг хоёр тал онцолсон юм.

Г.Баярсайхан гишүүний хувьд Хөдөлмөрийн сайдын албыг хүлээж аваад удаагүй ч салбарынхаа ажилтай хэдийнэ танилцаж амжсан төдийгүй, тодорхой асуудлууд дээр өөрийн байр суурийг илэрхийлж холбогдох уулзалтуудыг ч хийгээд байгаа юм. Тэдгээрийн нэг нь Японд Монголоос илгээдэг ур чадварын дадлагажигчийн асуудал. Улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа өнөө цагт хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуусаа гадны туршлага, шинэ техник технологи эзэмших боломж бололцоогоор хангах тал дээр онцгой анхаарч ажиллахаа Г.Баярсайхан сайд илэрхийлээд байгаа. Одоогоор Монголын 30 орчим аж ахуйн нэгж Японд дадлагажигч илгээх ажлыг Хөдөлмөрийн яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэдэг. Жилдээ 260 орчим хүн дадлагажигчаар явж байгаа нь тийм ч хангалттай тоо биш хэмээн үзэж энэ тоог нэмэх саналыг Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимүзүтэй уулзахдаа тавьсан юм. Элчин сайд ч саналыг анхааралтай судалж, холбогдох газруудад нь уламжлахаа амласан.

Энэ удаагийн уулзалтаар Кога Иссе сантай ч мөн дадлагажигчийн тоог нэмэх боломжийн талаар Г.Баярсайхан сайд ярилцсан юм. Японы парламентын гишүүнээр олон жил ажилласан, нэр хүндтэй, нөлөө бүхий улстөрчийнх нь хувьд түүнтэй энэ сэдвээр онцгойлон ярилцаж, Монголын талын саналыг дэмжүүлэхэд туслахыг хүслээ.

2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Японы нийслэл Токио хот авсан. Тиймээс бэлтгэл ажлын хүрээнд барилга, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтын ажлууд хийхэд ажиллах хүчин шаардлагатай байгаагаас шалтгаалан тус улс Гадаадаас ажиллах хүч авах хуульдаа өөрчлөлт оруулахаар парламентаараа хэлэлцэж буй аж. Японы парламент жилдээ 150 өдөр хуралдаж, зургадугаар сард завсарладаг. Гэхдээ энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд Ш.Абэгийн өргөн барьсан батлан хамгаалах, аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах чухал асуудлыг хэлэлцэж буй учраас энэ сарын 20-ныг хүртэл ээлжит бусаар хуралдаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Гадаадаас ажиллах хүч авах тухай хууль орсон ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж ирэх арваннэгдүгээр сард эхлэх ээлжит чуулганаараа хэлэлцэхээр болсон бөгөөд арванхоёрдугаар сар гэхэд батлагдах нь тодорхой гэсэн мэдээллийг Кога Иссе сан Г.Баярсайхан сайдад өглөө. 

Мөн хуулийн шинэчлэлд зааснаар Японд ур чадварын дадлагажигчаар очсон хүн гурван жил ажилладаг байсныг тав болгон нэмэгдүүлсэн, нэг удаа хөтөлбөрт хамрагдаад ирсэн бол дахин явах боломж хаалттай байсныг нээсэн гэхчилэн манайханд хэрэгтэй заалт олон орсныг ч дуулгалаа. Тус улсад хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалан, мал аж ахуй, загас агнуурын салбар, зам барилга дэд бүтцээс гадна ахмад настныг асрах сувилгааны ажилтнуудыг олноор авах боломж буй тухай ч тэд дэлгэрэнгүй ярилцсан.

Уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Кога Иссе санд талархал илэрхийлж алд цэнхэр хадаг мөнгөн аяганы хамт өргөн барьж “Олон жил парламентад суусан, хүндэлж явдаг хүний минь нэг танд цаг гарган уулзсанд талархал илэрхийлье. Мөн таны оролцоотойгоор зохион байгуулсан “Залуу улстөрчийг дэмжих хөтөлбөр”-т оролцож байснаа дурсахад таатай байна” хэмээсэн юм.