УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэлээ
2015.09.15

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэлээ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.09.15. Мягмар гараг/ хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Нэгдсэн хуралдааны эхэнд Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хэсэгчлэн тавьсан хоригийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны  ардчилсан  сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал"-д Хээл хахууль авах (Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл), Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах (Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл), Төрийн албан  тушаалтан  эрх мэдлээ хэтрүүлэх (Эрүүгийн  хуулийн  264  дүгээр  зүйл), Хууль  бусаар  хөрөнгөжих   (Эрүүгийн хуулийн 270 дүгээр зүйл), Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах (Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл), Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4), Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх (150 дугаар зүйлийн 150.3) зэрэг зүйл заалтыг заавал тусгах ёстой хэмээн үзэж хориг тавьсан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, өмнөх өршөөлийн хуулиудад тусгагдаж ирсэн төрийн бодлого, зарчмыг иш үндэс болгон насанд хүрээгүйчүүд, жирийн иргэд олноор үйлддэг Танхайрах (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3) Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх (Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2), Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2) зэрэг хэрэгт мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан жишгийн дагуу эдлээгүй үлдсэн хорих ялаас xoёp жилийг xacax нь зүйтэй гэж үзэж тус тус хориг тавьсан хэмээн танилцуулав.

 

Үүний дараа Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн тус байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулав.

Уг санал дүгнэлтэд, Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг Хууль зүйн байнгын хороо 2015 оны 9 дүгээр сарын 08, 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр нар Өршөөл үзүүлэх тухай хуулийг Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй боловч Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-ийг өршөөлд хамруулахгүй байхаар оруулж байгаа нь ойлгомжгүй байна,

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад хуульд оруулах холбогдох нэмэлт, өөрчлөлтийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсаны дараа хийх, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин нар албан тушаалын гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж болохгүй, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг яаралтай батлах, Улсын Их Хурал хуулийн байгууллагуудын хууль тогтоомжийг цогцоор нь шинэчилж илүү боловсронгуй болгох, хууль бус үйлдэл гаргах боломжийг таслан зогсоох шаардлагатай, мөн хоригийг хүлээж аваад хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад агуулгаар нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг шуурхай оруулах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргаж, байр сууриа илэрхийлж байсан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, З.Баянсэлэнгэ нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд хориг тавигдсан зүйл, заалт хүчингүй болж хуулиас хасагдах тул хоригийг хүлээж авах шаардлагагүй гэсэн саналыг тус тус гаргаж байв хэмээн дурьдагдсан юм.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаарх танилцуулга болон байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсаны дараа гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийсэн.

 

Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх, байнгын хороо, ажлын хэсгийнхнээс асуулт асууж, уг асуудлаар цөөнх болсон гишүүдийн үгийг сонссоны дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд нийт 59 гишүүн оролцсон бөгөөд 48 гишүүн буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 81.3 хувийн саналаар эхний саналыг, хуулийн 7 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг 49 гишүүн буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувийн саналаар тус тус дэмжив. Хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоол гарах бөгөөд уг тогтоолыг гишүүдийн 83.1 хувь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, манай улсад 9 сарын 16-17-ны өдрүүдэд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал зохион байгуулагдах гэж байна. Хуралд Улсын Их Хурлын дэд дарга нар болон Улсын Их Хурлын зарим гишүүд оролцох тул нэгдсэн хуралдаантай давхардах болоод байгаа юм. Иймд  ажлын хэсгийг өнөөдөртөө яаралтай хуралдуулж, чуулганы нэгдсэн хуралдааныг Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа дахин хуралдуулан өнөөдөртөө багтаан хоригийн асуудлыг шийдвэрлэх санал гаргасныг гишүүд дэмжсэнээр дээрх асуудлыг өнөөдөртөө багтаан шийдвэрлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.