Хүний нэр зарлачихаад яагаад хэргийг нь задлахгүй байгаа юм
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.09.15

Хүний нэр зарлачихаад яагаад хэргийг нь задлахгүй байгаа юм

УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нар Өршөөлийн хуулиар өршөөгдөх нь ээ гэсэн мэдээлэл цахим хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн билээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Болд нар албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгуулж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгсөн юм. 

Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 800 сая төгрөгийн зээл авч Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан цэргүүдэд мөнгө гаргасан, мөн төрийн албан хаагчийн урамшууллын байрыг албан тушаалаа ашиглаж өөр хүнд өгсөн гэх мэт хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарч байгаа.

Тэгвэл өнөөдөр хуралдсан чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар тодруулж, намайг яг хэвлэлээр яриад байгаа эдгээр асуудлаар шалгаж байгаа юу гэдгийг асуулаа. Харин АТГ-аас “Таны асуусан баримтууд мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас хариулт өгөх боломжгүй байна. Бүрэн дүүрэн танилцуулгыг таньд явуулъя” гэсэн хариулт өглөө.

Харин Л.Болд гишүүн “Хүний нэр зарлачихаад яагаад хэргийг нь хэлж болдоггүй юм бэ. Тэр чинь хэвлэлээр гарчихлаа. Та нар гаргасан юм биш үү. Задалсан хүмүүс та нар байлгүй дээ. Анх энэ хэргийг өмнөх Батлан хамгаалах яамны сайд дээр шалгаж байсан. Намайг гэрчээр дуудсан. Гэтэл төд удалгүй хэргийг над дээр наачихсан байсан. Ийм зүйл байж болохгүй биз дээ. 800-хан сая төгрөгийн төлөө би дуудагдаж байгаадаа гайхсан” хэмээн бухимдлаа.