Оюутолгойг “Дубайдсан шиг” Тавантолгойг “Бээжиндэх” гээд байна
Бие даагчдын бүлэг
2015.09.07

Оюутолгойг “Дубайдсан шиг” Тавантолгойг “Бээжиндэх” гээд байна

УИХ дах бие даагчдийн бүлэг мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн зургаан сайдын томилох асуудлаар өөрсдийн санал, бодлоо хэллээ. Тэдний хувьд томилогдож буй хүмүүсийг мэргэжлийн байх ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд болсныхоо дараа “Хоёр толгойг хөдөлгөе” гэж монголын гар утастай бүх хүмүүст мессеж илгээсэн. Тэр үед бид их гайхаж байсан. Оюутолгойн далд уурхайн зардлыг анхны гэрээгээр 1.5 миллиард ам.доллар байсныг гурав дахин ихэсгэсэн. Ингэж зардал нь хөрөнгө оруулалт нэрээр ихсээд байвал бидний хүртэх ашиг улам холдоно.

Одоо бид Оюутолгойгоос 4.8 хувийн ашиг хүртэж байгаа. Энэ байдал гэрээний 30 жилд ингэж үйлчлэхээр боллоо. Харин 95 хувь нь татварт  орох нь битгий хэл монголын банкаар ч дамжилгүйгээр гарч байгаа нь бид зөвхөн хусмыг нь хүртэж байна гэсэн үг. Үүнийг одоо хэлж, дугарч байгаа хүн байна уу. АН-аас дугардаг байсан нөхдүүд нь таг чимээгүй, МАН-ынхан бүлх залгисан  юм шиг байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монголын уул уурхай бол цөөхөн бүлэглэлүүдийг ашигтай баян болгоход л зориулагдаж байгаа. Бидний гол зорилго цөөн биш нийт ард иргэдэд ашигтай болгоё гэж байгаа. Одоо Тавантолгойн гэрээ маш ноцтой байна.

Ерөнхий сайд маань Оюутолгойг “Дубайдсан” шиг Тавантолгойн гэрээг “Бээжиндэх” гээд оролдож байна. Хэрвээ бидний хүргүүлсэн бичигт хариу өгөхгүй бол Үндэсний аудитын газарт хандаж ард иргэдэд ашиггүй байгаа гэрээнд дүгнэлт гаргаж өгөхийг хүснэ” гэлээ.

Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн зургаан сайдын асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Яаралтай байгуулагдах хэрэгтэй учраас нэгдсэн байр суурьтай байна. Чоно борооноор гэгчээр С.Баярцогт Сангийн сайдад суучихсан байгаа. Түүний төсөв нь орох гэж байна.

Өөрөөр хэлбэл Дубайн гэрээг батлах зүйлийг энэ нөхөр чинь хийгээд байна. Хэрвээ ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудал ороод ирвэл бид хоёр дах гараа өргөөд дэмжинэ. Тийм учраас сайд нарыг яаралтай томилоо. Үүний чинь цаагуур хулгай яваад байна. Засгийн газраа хурдан эмхлэ, гэхдээ мэргэжлийн хүмүүсийг томил” гэлээ.