Р.Бурмаа: Р.Амаржаргал Ерөнхий сайд байж чадна
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.11.11

Р.Бурмаа: Р.Амаржаргал Ерөнхий сайд байж чадна

УИХ-ын гишүүн Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ҮЗХ-ын хурлыг урьд өмнөхөөс онцлогтой, үр дүнтэй хурал боллоо гэж дүгнэх хэсэг байхад ямар ч үр дүнд хүрч чадсангүй гэж үзэх хэсэг байна. Таны хувьд ҮЗХ хүссэн үр дүнгээ өгч чадсан уу?

Их олон асуудлын нэгдмэл байр суурьтайгаар шийдэж чадсан. Тухайлбал олон жил их хурлаа хуралдуулаагүй, намын их хурлаас томилогддог намын даргыг өөрчлөөгүй зургаан жил болсныг нэг мөр шийдэхээр болсон. Өөрөөр хэлбэл намын их хурлаа арванхоёрдугаар сарын 8-нд хийгээд намын даргын асуудлаа шийдвэрлэхээр болсон нь нэг томоохон үр дүн.

Хийж байгаа ажилдаа үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр нам дээр хуримтлагдсан олон асуудал шийдлээ олсон гэж хэлж болно. Хоёрдугаарт одоогийн тулгамдсан асуудал буюу Ерөнхий сайд, шинэ Засгийн газрыг байгуулах асуудлыг шийдэх эрхийг УИХ дахь АН-ын бүлэгт өглөө. Хэрэв ҮЗХ хуралдаж ингэж шийдээгүй бол өнөөдөр ямар Засгийн газар байгуулах, хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлэх асуудал шийдэлгүй байх байлаа.

Гуравдугаарт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсан асуудлыг ҮЗХ авч хэлэлцээд намын дүрэм зөрчсөн гэрээ учраас хүчингүйд тооцохоо зарлалаа. Хүчинтэй ч юм шиг үгүй ч юм шиг, энэ гэрээ нь 2024 он хүртэл хэрэгжих юм шиг үгүй ч юм шиг байсныг нэг мөр болгосон.

Дөрөв дэх томоохон шийдвэр бол Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж кноп дарсан найман гишүүнийг намаас хөөх тухай асуудлыг нухацтай ярилцаад манай намын Хяналтын Ерөнхий хороо дүрэм зөрчиж ажилладаг, гаргаж байгаа тогтоол шийдвэр нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэдэг дээр санал нэгдсэн.

Тиймээс Хяналтын Ерөнхий хороог намын их хурлаар шинэчлэх шаардлагатай гэж үзлээ. ҮЗХ-ны хурлыг даргалагч Х.Баттулга найман гишүүнийг намаас хөөх тухай тогтоолыг гартаа барьж байгаад “Дэмжиж байгаа нь гараа өргө” гэхэд 100 хувь дэмжээгүй. Эндээс АН нэгдмэл байр суурьтай байгаа нь харагдсан.

Ингээд ерөнхийд нь дүгнэж хэлвэл АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай дүрмээ зөрчиж гэрээ хийснийхээ төлөө улстөрийн хариуцлага тооцож огцруулах нь зүйтэй гэдэг дээр Нийслэлийн АН-ын дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл УИХ дахь АН-ын гишүүдэд хандсан уриалгыг дэмжлээ. МАН-ын гаргасан саналыг үндэслэж биш Э.Бат-Үүл даргын гаргасан уриалгын дагуу саналаа өгч байгаагаа гишүүд ил тодоор хэлсэн байгаа. ҮЗХ-ны шийдвэр бидний зөв байсныг баталсан.

-Таны хувьд Ерөнхий сайдад хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг байр суурин дээрээ баттай зогсч, саналаа өгсөн. Харин зарим гишүүдийн хувьд хэлж ярьж байснаасаа өөр санал өгсөн, бүр саналаа өгөлгүй “бултчихсан” шүү дээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

Би хүмүүсийн өмнөөс тайлбар хийж, хариулах нь зохимжгүй. Жишээ нь Д.Арвин гишүүн Н.Алтанхуягийг авч үлдэнэ гэж ярьж байснаа зарим нэг нь өөр юм яриад явчихсан учраас аль алинд нь оролцохгүй байя гээд чуулганы хуралдаанд ирээгүй гэдгээ тайлбарласан байна лээ. Үүн шиг гишүүн болгон өөр өөрийн тайлбараа хэлэх байх.

Нэг л зарчим байгаа. Энэ бол эрх ашгийн эрэмбэ. Улс орны эрх ашгийг хамгийн эхэнд тавина, түүний дараа намын эрх ашиг байна. Энэ эрэмбээ бодож гишүүд саналаа өгсөн болов уу гэж харж байгаа.

-Та ҮЗХ-ны хурал дээр намаас хөөх шаардлага байгаа бол би хөөгдөе гэж хэлсэн. Тань шиг улстөрийн ийм эр зориг гаргах хүн ховор байх шүү?

Би ҮЗХ-ны хурал дээр намын даргад хариуцлага тооцохыг уриалсан. Үүний дараа үг хэлэхдээ “Би намын эрх ашгаа бодож байна. Ард түмэн АН-аас 35 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгосон. Үүнээс наймыг нь хөөчихвөл хүчний харьцаа өөрчлөгдөж, олон суудалтай нам биш болох аюул харагдаж байна. Тиймээс би эрх ашгийн эрэмбийг бодож шаардлагатай юм бол намайг хөөчих” гэж хэлсэн юм.

Нэг л зарчим байгаа. Энэ бол эрх ашгийн эрэмбэ
-Энэ таны хувь хүний байр суурь уу эсвэл фракцийнхаа хүрээнд ярилцсан шийдвэр байсан уу?

-Фракцсаад байх юм байхгүй. Бүх асуудлаа ил тод, илэн далангуй ярьдаг нь АН-ын сайн тал. Түүнээс намын дарга юмуу аль нэг фракцийн даргын хэлсэн үгээр явдаг бол би өнөөдөр ийм зүйл яриад явж байхгүй биз дээ. Ер нь хэн нэгэн хоорондоо тохирсон гэдгээр ярьдаггүй гэдгийг хэлмээр байна. Хоёр өдрийн турш нээлттэй хэлэлцээд нэгдмэл байр сууринд хүрч чадсан нь АН дотор ардчилал байгааг харуулж байна.

-Өнөөдрийн тухайд /өчигдрийн/ хамгийн сүүлд Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад дэвшүүлэх болсон тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Нэлээн олон гишүүн уулзаж ярилцлаа. Амаргүй энэ цаг үед Ерөнхий сайд болох хүнийг аль нэг фракц гэж ярихгүйгээр эдийн засгийн хямралыг давж гарах ийм төлөвлөгөө байна гэдэг санал санаачлагыг нээлттэй ярихаар болсон. Түүнээс биш хэн хэдэн гишүүний дэмжлэгтэй вэ, аль фракциас дэмжлэгтэй вэ гэдгээр асуудалд хандаагүй.

Нэгэнт бүлэгтээ эрх мэдлээ өгсөн байгаа нөхцөлд бүлэг дээрээ бодлогоороо уралд гэдэг зарчим барьж байгаа. Ингээд бодлогыг сонсоод нууц санал хураалт явуулахаар болсон юм. Амаргүй хүнд ачаа үүрүүлэх хүнийхээ итгэл үнэмшил, чадвар, хийх гэж байгаа ажлыг нь харж дэмжинэ.

-Та хувийнхаа зүгээс Р.Амаржаргал гишүүнийг энэ цаг үед Ерөнхий сайд байж чадах хүн гэж харж байна уу?

Ерөнхий сайдаар ажиллаж байсан, олон удаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа, зарчимтай, мэдлэг боловсрол өндөр, АН-ын үүсгэн байгуулагчдын нэг. Олон жил улстөр, эдийн засагт өөрийгөө таниулж чадсан хүн. Ерөнхий сайд байж чадна гэж бодож байна.

-УИХ-ын дарга З.Энхболд АН-ын 33 гишүүн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүл гэж хэлснийг засаг төрөө хурдан төвхнүүлэх сонирхолгүй байгаа гэдгийг харуулах шиг боллоо?

Би эсрэг бодолтой байна. З.Энхболд даргын хувьд жижиг эрх ашгаа хойш нь тавиач гэдэг санаагаар хэлсэн болов уу. УИХ-д хамгийн олон суудалтай АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшиж таарна. Тэгэхээр шударгаар нээлттэй оролцоод, бодлогоороо өрсөлдөх зарчмыг хэлсэн гэж ойлгож байгаа. Түүнээс 35 уулаа нэрээ дэвшүүлээд, цаг үрсэн ажил болно гэж бодохгүй байна. Ямар нэг байдлаар гишүүдэд боломж байгааг л уриалсан. Энэ бол зарчим.

-Шинэ Засгийн газрыг хэрхэн байгуулах вэ гэдэг хүлээлт үүсгэсэн, олон таамаг дагуулсан зүйл болоод байна. МАНАН үүсэх нь гэдэг хардлага ч их байна?
АН бол олонх болж чадаагүй, хамгийн олон суудалтай нам. Тэгэхээр аль нэг нам, эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулж таарна. 

АН бол олонх болж чадаагүй, хамгийн олон суудалтай нам. Тэгэхээр аль нэг нам, эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулж таарна. Гэхдээ ҮЗХ-ноос тодорхой нэр заасан нам, эвсэлтэй хамтрах шийдвэр гараагүй. УИХ-д суудалтай намуудтай гэрээ хэлэлцээр байгуулж, Засгийн газраа бүрдүүлэх чиглэлийг ҮЗХ-ноос өгсөн. Энэ хүрээнд л ажиллана. Өнөөдөр урьдчилаад хэлэх боломжгүй.

-Засгийн газраа байгууллаа гэхэд харьяа яам , агентлагууд учраа олох гэж багагүй цаг үрэх байх?

Нэг намын Засгийн газраас нөгөө намын Засгийн газар байгуулагдах гэж байгаа хэрэг биш учраас хүндрэл гарахгүй. Сонгуулийн дараа цоо шинээр Засгийн газар бүрэлдэх гээгүй.

-УИХ-ын гишүүдийн 4/1 нь буюу 19 гишүүн гарын үсгээ цуглуулж чадвал аливаа огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийн тогтолцоо нь төр тогтворгүй байх, төрийг бужигнуулах үндэс болоод байна гэдэгтэй санал нийлэх үү?

Хангалтгүй ажиллаж байгаа, хууль зөрчсөн асуудлаар огцруулах асуудлыг тавих нь зөв. Түүнээс нэг сонгосон хүндээ хяналт тавьдаггүй, заавал дөрвөн жилийг нь гүйцээнэ гэдэг ойлголт байж болохгүй л дээ. УИХ-ын хамгийн гол ажил бол хууль тогтоохоос гадна гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих.

Тэр ч утгаараа 19 гэдэг тодорхой тоо байгаа. Энэ нь гишүүн болгон дуртай үедээ хэн нэгнийг огцруулах асуудал оруулж ирнэ гэсэн ойлголт биш. Энэ бол өөрөө Үндсэн хуулиар УИХ-д олгогдсон эрх.