Шинэчлэлийн засгийн газар "муугүй" ажилласан
УИХ-ын чуулгаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажилласан зарим сайд нар Засгийн газар "муугүй" ажилласан гэдгийг хэлсэн юм.
Шадар сайд Д.Тэрбишдагва: Улс орны язгуур эрх ашигт нийцэх үү гэдгийн АН сайн бодох хэрэгтэй
“Өнөөдөр маш чухал асуудал хэлэлцэж байна. Монгол Улсын засгийн газрын 2 жилийн хугацаанд хийсэн ажлыг гал тогоонд нь байсан хүний хувьд мэдэж байна. Сөрөг хүчин нь аливаа асуудлыг засч сайжруулах, хариуцлага ярих нь зүй ёсны хэрэг. Зарим зүйл хоёр жилийн хугацаанд болж буй асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хагас бүтэн сайнгүй хоёр жил ажилласан. Нийгмийн хямрал бий болчихоод буй энэ үед засгийг огцруулснаар улс орны язгуур эрх ашигт нийцэх үү, хямралыг улам гүнзгийрэх үү гэдгээ АН-ын фракцууд бодох хэрэгтэй” хэмээсэн юм.
М.Сономпил: Өнгөрсөн хугацаанд Засгийн газар боломжийн сайн ажилласан гэж үзэж байна
Энэ ганц Н.Алтанхуягийг огцруулах асуудал биш Засгийн газар бүхэлдээ огцорч байна гэсэн үг.
Засгийн газар огцруулах гэдэг нь сайн зүйл биш. Олон улсын эдийн засаг тааламжтай биш байна. Манай эдийн засаг ч хүндэрчихсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар боломжийн сайн ажилласан гэж үзэж байна. Муу сайн хэлэгддэг Бондын хөрөнгөөр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд нилээд чухал чухал ажлуудыг хийсэн. Бид шүүмжлээд яриад байгаа боловч манай эдийн засаг гаднаас, ялангуяа уул уурхайгаас хамааралтай байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Хоёр жилийн хугацаанд бид 2000 км зам ашиглалтад оруулсан, 12 мянган айл өрх шинэ орон сууцанд орсон. Эрчим хүчний хувьд одоо 12 сард ТЭЦ-4 цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орсноор 173мвт-ын эрчим хүч ашиглалтад орж байна..Сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болж байгаа.