Тавантолгойн гэрээнд Монголын эзэмших хувь хэмжээг 0 хувьтай байхаар тусгасан байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ч.Болорчулуун
2015.04.07

Тавантолгойн гэрээнд Монголын эзэмших хувь хэмжээг 0 хувьтай байхаар тусгасан байна

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж, Тавантолгойн төслийг урагшуулахыг дэмжиж байгаа ч өнөөгийн зөвшилцөж буй хэлэлцээр нь харилцан ашигтай байх гэсэн зарчмыг алдагдуулсан тул дэмжих боломжгүй хэмээн мэдэгдлээ. Дараах асуудлуудаар бие даагчид байр сууриа ингэж илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Тиймээс тус ордын 51 хувь нь улсын мэдлийнх байх ёстой. Гэтэл Тавантолгойн гэрээнд Монголын эзэмших хувь хэмжээг 0 хувьтай байхаар тусгасан байна. Тус төслийн гэрээ маш нууц хэлбэрээр явагдсан. Тиймээс одоо хүртэл бид төслийн эхийг олж үзээгүй. Гэхдээ баттай эх сурвалжаас энэ мэдээллийг авсан. Ингэснээр Монголын талын эзэмших хувь, иргэдийн 1072 хувьцааны асуудал бүрхэг байдал руу орж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилаа. “Оюутолгой, Таван толгойн талаар байр сууриа илэрхийлээд үзээрэй, ауулт асуугаад үзээрэй” гэж заналхийллээ. Тэд гадны үндэстэн дамнасан корпарациудын бууны нохой болжээ. Оюутолгойг явуулна гэж байна. Хоёр жилийн өмнө яг энэ зааланд та нарт ярьж байсан зүйлийг ярьж байна. 15 гадаадын банкнаас 4,2 тэрбум төгрөгийг зээлж авна. Далд уурхайн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ гэж. Энэ мөнгийг ямар болзлоор зээлж авч байна гэж бодож байна вэ. Оронд нь газар нутгаа өгч байгаа. Тэнд улс доторх улс бий болно гэсэн үг. Тэнд дахиад хил бий болно. 60 жилээр. Далд уурхайн хөрөнгө оруулалт гэж Оюутолгойн гэрээд юу ч байхгүй. Рио тинто бол идэх юм идчихсэн. Одоо биднийг дэлхийн 15 банкинд хаяж өгчихөөд гарах гэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Сонгуулийн хуулиар тойргийг жижиглэхгүй байх, намын жагсаалтаар парламентад суудал авдгийг болиулах, намууд амлалт өгөх явдлыг таслан зогсоох, хэрэв ямар нэг амлалт өгвөл сонгуульд оролцуулдаггүй байх гэх зэрэг хуулийн заалтыг оруулж өгөх ёстой. Өмнөх сонгуулиудаар намууд 1-1.5 сая төгрөгийг сонгогчдод олгоно хэмээн зарлаж, популизм хийсэн. Энэ нь одоогийн үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг бүрдүүлэхэд намуудын амлалт ихээхэн нөлөө үзүүлсэн. Үүний зэрэгцээ Намуудын тухай хуулинд намыг гишүүнчлэлгүй болгох асуудлыг тусгах нь зүйтэй гэлээ.