Монголд багийн спортыг хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ.
Энэхүү зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, үндэсний болон багийн спортын холбоодын ерөнхийлөгч, тэргүүнүүд, баг тамирчид оролцов.
Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулж, гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт засгийн газрын гишүүд, энд хүрэлцэн ирсэн дасгалжуулагч, тамирчид, хатагтай, ноёдын энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оноос хойш спортыг дэмжих талаар дөрвөн чухал зарлиг гаргасан. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай, Өвлийн спортыг хөгжүүлэх тухай, Тив дэлхийн, олимпийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох тухай зарлиг гаргасан. Өнөөдөр багийн спортыг дэмжих тухай Засгийн газарт чиглэл өгсөн чухал зарлигийг гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт баг тамирчид, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдөр дэлхий нийт даяаршихын хэрээр улс орнууд бүх салбарт өрсөлдөж байна. Эдийн засгийн хөгжил, хүний хөгжил, спорт гээд салбарт өрсөлдөөн явж байна. Монгол гурван сая хүн амтай, 1.6 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, байгалийн арвин их баялагтай.
Даяаршиж буй дэлхийд өрсөлдөхийн тулд ард түмнийг оюун санааны хувьд нэгтгэдэг зүйл бол урлаг, спорт юм. Үүнд өнөөгийн болон өмнөх Засгийн газрууд, биеийн тамир, спортын холбоод монгол хүнийг эрүүл саруул байлгах, бусад улс үндэстнүүдтэй спортын талбарт өрсөлдөхөд нь чухал үүрэг гүйцэтгэж байна. “Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн их зохиолч Д.Нацагдорж хэлсэн. Гурван сая монголчууд маань хэдий чинээ эрүүл чийрэг, тэр хэмжээгээр ой ухаан сайтай байна. Хэдий чинээ ухаантай байна, даяаршиж буй дэлхийд улс орныхоо хөгжлийг урагш нь манлайлж авч явч чадна.
Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд, нийт тамирчид болоод Монголын нийт ард түмэнд Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж ажиллахыг хүсье. Дэлхийн олон уралдаан тэмцээн, олимпийн наадам биднийг хүлээж байна. Монголчуудынхаа алдар цуу, нэр хүндийг дэлхий дахинд цуурайтуулж явахын өлзийтэй ерөөлийг тамирчин, дасгалжуулагч та бүхэнд хүсэн ерөөе. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энэ бол их чухал зарлиг. Үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна. Монголчууд зөвхөн хувийн амжилт үзүүлдэг спортод төдийгүй багийн спортод амжилт гаргах болно. Гэхдээ бид зөвхөн нэг баг биш улс орноороо нэг баг болж, дэлхийн бусад орнуудтай өрсөлдөхийг зорьж байна.
Энд хүрэлцэн ирсэн та бүхэн цөөхөн монголчууддаа сайн үлгэр дууриал үзүүлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, Засгийн газарт чиглэл өгсөн энэхүү зарлигийг хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон бусад холбогдох хүмүүсээс хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Баярлалаа” гэв.