Өсвөрийн шатарчдын өрсөлдөөнийг үзээрэй
2015.08.19

Өсвөрийн шатарчдын өрсөлдөөнийг үзээрэй

2015 оны “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад” энэ сарын 19-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Маргааш эхлэх тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Нийт 25 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн “Хүннү Молл” цогцолборт 12 өдөр үргэлжилнэ.

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 26 орны 200 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн түвшний том багууд оролцох юм.

Эх орондоо зохион байгуулж байгаа давуу талаа ашиглан ОУШХ-ны холбогдох хүмүүстэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол улсаас 16 хүртэлх насны Дэлхийн шатрын олимпиадын сорилго тэмцээнээс шалгарч, эрхээ авсан 10 багийн тамирчин энэ удаагийн тэмцээнд оролцохоор бэлэн болоод байгаа.

Монголын шатрын холбооноос баг тамирчидынхаа бэлтгэл сургуулилтанд анхаарал хандуулж, ОХУ-ын дасгалжуулагч, Их мастер А.Фоминыхыг урьж ирүүлэн сургалт зохион байгуулсныг онцолъё.

Дэлхийн шатрын олимпиадын үеэр “Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох семинар, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх сургуулилтууд зэрэг арга хэмжээ болох юм.