Хүүхдийн спортын их наадам ирэх сард эхэлнэ
Үндэсний хэмжээнд монголын хүүхдийн спортын V их наадмыг энэ онд зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаж, Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн билээ.
Монголын хүүхдийн спортын V их наадмыг ирэх есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд спортын 17 төрлөөр нэгэн зэрэг олон улсын наадам, олимпийн жишгээр Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх арга хэмжээг өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж хэлэхдээ: Энэхүү их наадам нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болно” гэдгийг онцолсон юм.
Энэхүү наадамд нийт 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцохоор бэлтгэж байна. Энэ үеэр их наамдын элч төлөөлөгчөөр томилогдсон Монголын үндэсний шигшээ багийн тамирчин ОУ-ын хэмжээний мастер Г.Эрдэнэболд, Олон улсын хэмжээний мастер Б.Батцэцэг нарт батламжийг гардууллаа.
Монголын спортын түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг тамирчин эхлүүлэх хүүхдийн спортын V их наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн ирээдүйн олимпийн аваргуудаа дэмжин ивээн тэтгэн ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллага, шууд дамжуулах телевизүүд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад Эрүүл мэнд, спортын яамнаас уриаллаа.