Эх орондоо дэлхийн олимпиадыг зохион байгуулж байгаа нь дэвшилттэй алхам
16 хүртэлх насны өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Улаанбаатар хотод болж, 24 орны 32 баг тамирчид хүрэлцэн ирлээ.
Олимпиадын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд ОУШХ-ны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, ЭМС-ын сайд Шийлэгдамба болон Монголын шатрын холбооны удирдлагууд ирж арга хэмжээг нээсэн юм. Харин хаалтын ёслолын ажиллагаанд Азийн шатрын холбооны Ерөнхийлөгч Шейх Султан Бин Халифа Ал-Нехайн хүрэлцэн ирэх аж.
Монголд анх удаа зохион болж буй уг олимпиад нь Яармагт байрлах “Hunnu mall” цогцолборт арав хоног үргэлжлэх бөгөөд Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг 24 орны 200 гаруй тамирчид өрсөлдөхөөр болжээ. Харин Монгол Улсаас сорилго тэмцээнээс шалгарч эрхээ авсан 10 багийн 50 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангасан аж. Тэмцээний эхний тоглолтууд өнөөдөр албан ёсоор 19 цагаас эхлэх бөгөөд электрон хөлгөөр дамжуулан дэлхийн 180 гаруй оронд шууд дамжуулан үзүүлэх юм.
Тус олимпиадын зохион байгуулалтын ажилд Засгийн газраас 70 сая төгрөг, ОУШХ-оос 100 сая төгрөгийн шатар болон хэрэглэгдэхүүн өгч бусад зардлыг Монголын шатрын холбооноос санхүүжүүлж нийтдээ 600 сая төгрөгийг зарцуулж байгаа аж.
Ингээд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадын зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавтай цөөн хором ярилцлаа.
-Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг Монголд зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?
-Олон улсын шатрын холбоо нь дэлхийн 186 орны гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн. Бид гадаад руу тэмцээнд хүүхдүүдээ явуулахдаа зөвхөн нэг багийн байр, хоолыг даах боломжтой байдаг байсан. Энэ жилийн хувьд эх орондоо дэлхийн олимпиадыг зохион байгуулж байгаа нь манай баг тамирчид илүү өргөнөөр оролцох давуу тал бүрдэж байна. Мөн дэлхийд Монгол Улсыг уул уурхайгаас гадна хөгжих боломжтой, хөрөнгө оруулалх бололцоотой гэдгийг харуулж Монгол ёс заншлаа сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй шилдэг шатрын мастеруудтай уулзаж туршлага солилцон багш, шавийн харилцаатай болох боломж бүрдэж байгаа юм. Тэмцээн арван өдрийн турш “Hunnu mall” цогцолборт өдөрт 4-5 цагийн турш үргэлжилж түүнийг дэлхийн 180 гаруй оронд шууд дамжуулан хүргэнэ. Тэмцээнд оролцохоор ирсэн болон түүнийг үзэх буй хүмүүс манай орныг сонирхон судлах нь гарцаагүй. Уг олимпиадыг сайн зохион байгуулснаар цаашид ОУШХ-оос жил бүр зохион байгуулдаг Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн, Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн шатрын олимпийг ч эх орондоо зохион байгуулах таатай нөхцөл бүрдэх юм.
-Дэлхийн шатрын холбооны гишүүнээр Монголын маш олон хүүхэд элсэхээр болсон гэсэн. Энэ талаар яриач.
-Өнгөрсөн жил Завхан аймагт болсон 9999 хүүхдийн шатрын тэмцээнд оролцсон хүүхдүүд дээр нэмэгдээд 10182 хүүхэд Дэлхийн шатрын холбоонд элсэхээр болсон. Энэ нь монгол хүүхдүүд дэлхийн шатрын спортод хүчтэй өрсөлдөгч гэдгийг тунхаглаж байгаа явдал юм. Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элссэн хүүхэд жилд 24 мянган төгрөг төлнө. Тэд дэлхийн хаана ч болж байгаа тэмцээнийг шууд үзэх боломжтой болохын сацуу онлайнаар тэмцээнд оролцох боломж бүрдэх байгаа юм. Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад гурван орон өрсөлдөж Монгол Улс эрхийг нь авсан.Учир нь 9999 хүүхдийн шатрын тэмцээнийг нэг аймагт зохион байгуулж чадсан юм чинь Дэлхийн аваргыг Монгол Улс зохион байгуулж чадна гэж үзээд эрхийг нь олгосон.
-Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадын үеэр “Mongolia open” олон улсын шатрын нээлттэй тэмцээн болно гэсэн. Тэр нь ямар учиртай юм бэ?
Уг тэмцээн нь арав хоног үргэлжилж нас харгалзахгүйгээр тамирчдыг оролцуулж байгаа юм. Одоогоор 122 хүн бүртгүүлээд байгаа бөгөөд шатрын зэрэглэлээсээ хамаарч төлбөрийн хувьд өөр байгаа. Жишээ нь өндөр рейтингтэй тамирчид 40 ам.доллар төлөх бол рейтинг багатай тамирчид 100 ам.доллар төлж оролцох юм. Мөн үүний зэрэгцээ ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох сургалт, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай сургалтыг зохион байгуулна.