Өсвөрийн тамирчид Буриад улсыг зорилоо
Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно.
Энэхүү наадам нь Монгол туургатны их наадам нэрийн дор болдогоороо онцлог. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг /тамирчин 119 /, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм. Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Спортын Төв Ордны гадна талбайд боллоо.
Олон Улсын Хүүхдийн их наадамд манай улсын 119 өвсөрийн тамирчин оролцоно.
Үйл ажиллагаанд ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакейжан, тус газрын ахлах мэргэжилтэн н.Гэрэл, ЭМСЯ-ны НБТСХТ-ийн Захиргаа, санхүүгийн албаны дарга, Гавьяат тамирчин Ц.Баярсайхан, тус төвийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг, төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн захирал, Монголын Олимпийн академийн Ерөнхийлөгч, доктор, н.Зоригтбаатар нарын албанхан байлцаж, наадамд оролцох баг тамирчдад амжилт хүсч, төрийн далбааг гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан багийн спортыг дэмжих тухай зарлиг гаргасан. Тэгвэл энэхүү наадам тус зарилгын зорилготой уялдаж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.
Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монгол туургатны хүүхдийн их наадам анх 2009 онд Улаанбаатар хотноо спортын таван төрлөөр зохион байгуулагдаж байсан. Энэ жилийн тухайд есөн төрөлд өрсөлдөх бөгөөд шинээр хөл бөмбөгийн төрлийг нэмжээ. Тус наадмаас залуучуудын олимп, тив, дэлхийн аваргууд тус тус төрөн гарсан байдаг. Мөн манай баг тамирчид V их наадмаас 30 медаль хүртсэн амжилттай оролцож байсан аж. Дараагийн VII их наадам ӨМӨЗО-ы Хөх хотод болохоор төлөвлөгдсөн байна.