Эрх баригчдыг улстөржилтөө зогсоож, ард түмний амьдралд санаа тавихыг шаардлаа
МҮЭХ-ныхон УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Учир нь сүүлийн өдрүүдэд улс төржилт хэрээс хэтэрч, ард түмний амьдралыг дээшүүлэхийг боддог хүн байхгүй болсон төдийгүй сандал суудлын тухай ярих болсон нь тэднийг ийнхүү шаардлага хүргүүлэхэд хүргэжээ.
Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын хэлж буйгаар өнгөрсөн сард төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн мөнгийг нэмэхээр төсөвт 90 тэрбум төгрөгийг суулгасан ч энэ нь сайд нарын томилгоо, улстөрчдийн үймээнээс үүдэн хойшилсон. Цаашлаад улстөржилт, төр засгийн тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр эдийн засаг хямарч байгаа учраас ард иргэдийн амьдрал улам хүнд болж байна гэлээ. Уг нь төр засаг тогтвортой, улс төр савлагаагүй байсан бол өдийд иргэд цалин, тэтгэврийнхээ нэмэгдлийг авах боломжтой байсан гэдгийг ч энэ үеэр онцолсон. 2012 оноос хойш хоёр ч удаа Засгийн газрыг бүрдүүлсэн. Харин өнгөрсөн сараас гурав дахиа Засгийн газарт өөрчлөлт орж, зургаан сайдыг дахин томилох асуудал үүссэн нь ажил уях нөхцөл болоод байгаа бөгөөд тодорхой асуудлууд хүлээлтийн байдалтай байна гэсэн юм.
Үнэн хэрэгтээ Засгийн газрын өнөөгийн тогтворгүй байдлыг ард иргэд бий болгоогүй учраас үүнээс үүдэн гарсан хохирлыг нуруундаа үүрэх учиргүй. Энэ байдлыг улстөрчид тэр дундаа эрх баригчид өөрсдөө бий болгосон. Өөрсдийнх нь дотоод зөрчил ийм байдалд оруулсан гэлээ. Цаашлаад Засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн хүчнүүдийн хоорондын толхилцоон дунд иргэдийн эрх ашиг хохирч байгаа учраас УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна гэв.
Ингээд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Цалин, тэтгэврийн нэмэгдлийн 90 тэрбумыг олгох нь бүү хэл, Засгийн газрын зургаан сайдын суудал эзэнгүй байна шүү дээ. Ийм үед цалин, тэтгэврийн нэмэгдлийг олгох боломж байгаа юм уу?
-Боломж гэхээсээ илүү Засгийн газар үүргээ биелүүлэх ёстой гэж бид үзэж байна. Нэг засаг солигдоход бүх үйл ажиллагаа шинээр эхэлдэг юм биш. Тийм учраас өмнөх сайдын үед эхлүүлсэн ажил дараагийн сайдын үед ч мөн хэрэгжих учиртай. Энэ 90 тэрбум төгрөгийг улсын төсөв суулгасан. Тиймээс энэ төсөвтөө багтаан, нэн яаралтай цалин, тэтгэвэр нэмэх шаардлагыг хүргүүлж байгаа юм. Цаг хугацаа явах тусам улсын төсөвт хүндрэл учирна. Нөгөөтэйгүүр ажпын байрны баталгааг хангах чиглэлээр байгуулсан гурван талт хэлэлцээрийн холбогдох заалт, энэ хүрээнд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангахыг ч мөн шаардаж байна.
Төрийн албаны болон бусад салбарын ажлын байрны тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг ч шаардаж байгаа. Өнөөдрийн байдлаар сайд нь солигдсон зургаан яаманд ажлаа хийж байгаа төрийн албан хаагч алга. Тэд ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй байна. Ийм учраас төрийн албаны тогтворгүй байдал, залгамж чанар алдагдах нөхцөл байдал өдөр хоног, цаг хугацаагаар хэмжигдэж байна Тиймээс сайд нарыг нөхөн томилох үйл явцыг цаг алдалгүй хийж, яамдын үйл ажиллагааг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Цаашлаад өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас цаг алдалгүй гарахад анхаарч ажиллах шаардлагатай. Ер нь сүүлийн 1-2 жилийн хугацаанд төр, засгийн төвшинд үүсээд байгаа тогтворгүй, дотооддоо хямарсан байдал эдийн засгийг улам хүндрүүлж байна. Товчхондоо, тогтворгүй төр засгийн байдал эдийн засагтаа шууд нөлөөлдөг. Харин эдийн засгийн хямрал нь ард иргэдийн амьдралд шууд тусдаг. Ийм л тогтолцоотой болоод байна шүү дээ. Хамгийн гол нь энэ Засгийн газрын хэрэгжүүлж чадаагүй маш олон ажил жирийн иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгааг хэлмээр байна.
-Өмнөх сайдын үед эхлүүлсэн ажлыг дараагийн сайд хэрэгжүүлдэг тогтолцоо манай улсад үндсэндээ алдагдсан шүү дээ. Жишээлбэл, МАН-ын сайдын эхлүүлсэн ажлыг АН-аас гарсан сайд хэрэгжүүлнэ гэдэг үлгэр байх?
-Энэ талаар Засгийн газрын тухай хуульд тодорхой . заагаад өгчихсөн. Төрийн албаны залгамж чанар үргэлжлэх ёстой. Одоо гарч ирэх Засгийн газар баталгаатай тогтвортой ажиллана л гэж гарч ирж таарна. Тэгэхээр ингэж амлаж чадаж байгаа юм чинь өмнөх сайдын эхлүүлсэн ажлуудыг үргэлжүүлэх учиртай биз дээ.