Төрөөс  баримтлах тэтгэврийн бодлого батлагдлаа
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого
2015.06.12

Төрөөс баримтлах тэтгэврийн бодлого батлагдлаа

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, мөн баталлаа.

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл дээр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байсан юм.

Завсарлагын хугацааг дахин гурав хоногоор сунгаж өгөх хүсэлтийг тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдэж байлаа. Завсарлагын хугацааг дахин сунгах хүсэлт гаргаж байгаа үндэслэлээ тэрээр “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын 2.1.4-т эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насны доод хязгаар ижил байна гэж заасан нь нэг бол тэтгэвэрт гарах насыг урагшлуулах эс бол хойшлуулах болж байна.

Хоёрдугаарт, тэтгэврийг тогтоохдоо цалингийн 2.5 хувиар тооцдог. Гэтэл энэ бодлогод тэтгэврийг тогтоохдоо цалингийн 2 хувиар тооцох болж байна. Ажил олгогчоос төлдөг НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ бүхнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дахин ярих шаардлага байсан ч байнгын хороо хуралдаагүй” гэв.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Тэтгэвэрт гарах эрэгтэй, эмэгтэй насны доод хязгаарыг ижил түвшинд хүргэнэ гэсэн нь зарчим. Дэгээрээ Байнгын хороо хуралдах шаардлагагүй, та бүхэн завсарлагаа харин сунгаж болох юм” гэж байлаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн насыг тэд болгоно гэж хуульчилсан зүйл байхгүй. Ер нь тэтгэврийн шинэчлэлийг хийхгүй бол оройтоод байна. Хагас хуримтлалын тогтолцоонд 2012 онд шилжих ёстой байсан ч шилжээгүй, 2020 онд бүрэн хуримтлалтын тогтолцоонд шилжинэ гэсэн өнөөг хүртэл хагас тогтолцоонд шилжиж чадаагүй. Ийм байдалтайгаар тэтгэврийн шинэчлэл хийх боломжгүй. Насны тухайд бодлогод зарчим байдлаар орсон байсан. Хасъя гэтэл хасагдаагүй редакцийн алдаа болсон байх” гэдэг хариулт өгсөн юм.