“Цалин 100 хувь тавигдсан”
2015.05.14

“Цалин 100 хувь тавигдсан”

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж эхлээд байна. Тухайлбал

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Хуулийн төслийг нэлээн сайн харлаа. Тооцоолж гаргасан тоонуудыг нь харахад нэлээн эерэг тоо тавьсан байна.  Гэхдээ нөхцөл байдлыг харахад эерэг тоо байх боломж байхгүй.  Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн бодит өсөлтийн эрсдлээ хэр тооцсон бэ.  Мөн 2017 онд 580 сая ам.долларын эргэн төлөлт эхэлнэ. 

Тэгэхээр 2017-2018 оны эргэн төлөлтөд төсвийг  хэрхэн тусгасан бэ. Мөн долларын ханшыг яаж төсөөлж байгаа юм.  Эдийн засгийн төсөөллийн хувьд Монголбанкны саналыг авсан уу.  Эцэст концессийн өрийг хэрхэн тооцоолж байгаа вэ. 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат

ДНБ-ний бодит төсөөллийг Азийн хөгжлийн банк, ОУВС-ийн судалгаа шинжилгээнд нэлээнд үндэслэсэн.  ОУВС болоод манай яамнаас гаргасан тооцоо судалгаа таарч байгаа. Гэхдээ зарим нэг жижиг зүйл дээр тооцоо зөрж явдал бий.  Энэ нь тооцоллох аргачлалтай холбоотой болохоор тэгж байгаа юм. 2017-2018 онд Монгол Улс томоохон хэмжээний төлбөр төлнө.

Ямартай ч 2017 онд нэг их наяд ам.долларыг төлөх зайлшгүй шаардлагатай. Тиймээс төсөвт өр төлбөрийг төлөх нөөцийг болгох хэрэгтэй.  Энэ хүрээнд валютын нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талд анхаарах хэрэгтэй байна.  Энэ хүрээнд тодорхой арга хэмжээнүүд хийгдэж байгаа.

УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ

Төсөвтэй холбоотой асуудлыг иргэд маш их анхаарч байна.  Та цалин тэтгэврийг хугацаандаа тавьж байгаа гэлээ.  Тийм зүйл байхгүй шүү дээ.  Төрийн албан хаагч нар өнөөдрийг хүртэл цалингаа аваагүй байна.  Мөн төсвийн алдагдлыг бууруулна гэлээ. Хамгийн гол нь яаж бууруулах юм бэ. Нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрлээ.   Иймд төсвийн тодотголоо хэзээ оруулж ирэх вэ. 

Түүний дараа төсвийн хүрээний мэдэгдлээ бодитой гаргахгүй байсан юм уу.  Тодотголыг нэн яаралтай оруулах хэрэгтэй байна.  Яах гэж энэ шийдлийн Засгийн газрыг байгуулсан юм.  Бодит байдлаа ярих хэрэгтэй шүү дээ.  Өрийн удирдлагаа хэрхэн тооцож гаргасан бэ.  Цаашид өсөн нэмэгдэх өр байна уу.  Засгийн газарт мөнгө байна уу. 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат

Бүх газарт цалин 100 хувь тавигдсан. Тодотгол хийх шаардлагатай нөхцөл байдал үүсч байгаа.  Тодотгол хийх саналыг Засгийн газарт тавьж байгаа.  Мэдээж судалгаа хийж эцэст нь оруулж ирэх байх.  Эмийн зардлыг хасаагүй гэдгийг мөн хэлье.  Засгийн газрын нөөц хөрөнгөөр эмийн асуудлыг шийдсэн.  Гэхдээ үүнийг эргэн харах ёстой гэж үзэж байгаа.