Ж.Эрдэнэбат: Цалин тэтгэвэр тавьж чадахгүй болно гэсэн ойлголт байхгүй
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.05.12

Ж.Эрдэнэбат: Цалин тэтгэвэр тавьж чадахгүй болно гэсэн ойлголт байхгүй

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр төсөв бүрдүүлэлт тасарснаас болж цалин тэтгэврээ тавьж чадахгүй байгаа талаар ярьсан гэх мэдээлэл гарах болсон.  Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас төсвийн бүрдүүлэлтийн тасралт болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

-Төсөв бүрдүүлэлт тасарснаас болж цалин тэтгэвэр тавьж чадахгүй байгаа гэх мэдээлэл гараад байна. Үнэхээр цалин тэтгэврээ тавьж чадахааргүй хэмжээнд хүрсэн үү?

Цалин тэтгэвэр тавьж чадахгүй хэмжээнд хүрээгүй. Орлогын тасалдалтай холбоотойгоор цалин, тэтгэвэр нэмж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл гарсан. Төсвийн бүрдүүлэлт 87 орчим хувьтай байгаа. Орлого ийм хэмжээнд байхад цалин тэтгэвэр тавьж чадахгүй болно гэсэн ойлголт байхгүй. 

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын санхүүжилт гаргаж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ цалин, тэтгэврийг ямар ч тохиолдолд хэвийн олгоод явж байгаа.

-Ямар шалтгаанаар төсвийн бүрдүүлэлт тасарсан вэ. Хэдий хэмжээгээр тасраад байна?

Төсвийн орлогын бүрдүүлэлт өнөөдрийн байдлаар 250 орчим тэрбум төгрөгөөр тасарсан байна. Нэг талдаа Эдийн засгийн өршөөлийн хууль яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид хүлээлт үүсчихээд байх шиг байна. 

-Цалин, тэтгэвэрт сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Манай улс цалин, тэтгэвэр халамжийн үйлчилгээний зардалд нийт төсвийнхөө 60 хувийг зарцуулдаг. Төсвийн зардлаа бууруулах талаар ярихаар эргээд л халамжаа багасгах, цалин тэтгэвэр рүүгээ орохоос өөр аргагүй нөхцөл байдалтай байдаг. Нэг сард 250-260 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. 

-Үйлдвэрчний эвлэл цалин нэмсэнгүй гэж хэвлэлийн хурал зарлаж байна. Иргэдэд цалин нэмэхгүй гэж хэлж болдоггүй юм уу?

Байдал хүнд байгааг хэлээд л байгаа. Хүндэрсэн байгаа энэ цаг үед төсөвт нэмэлт ачаалал үүсгэх нь илүү хүндрүүлнэ. Том төслүүд явчихвал манай гадаад нэр хүнд ч өснө. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэх байх. Үүний дараа бид эдгээр асуудлаа шийдэх боломжтой. 

-2016-2018 оны төсвийн төсөөллийг гишүүд нэлээн бүрхэгээр ярьж байна. Манай эдийн засаг цаашдаа сэргэх төсөөлөл байна уу?

Аль болох эдийн засгийн бодит байдал дээр тулгуурласан төсөөлөл хийж байна.  Манай гадаад зээл 4-5 их наяд төгрөг болчихлоо гэж ярьж байна. Гэтэл бид өнөөдөр гадаад зээлээсээ илүү дотоод зээлдээ анхаарлаа хандуулах шаардлагатай. Дотоод бондын өр 3.1 их наяд төгрөг болсон байна. Энэ нь эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний 33 хувь.

Тэгэхээр Засгийн газар нь эдийн засагтаа мөнгө эргэлдүүлэхгүй, бүгдийг нь татаж авч үнэт цаас болгож банканд хадгалуулчихаад эдийн засгаа сэргээнэ гэж ярихад туйлын хүнд. Тиймээс ирэх оны төсөөллөөр Засгийн газар дотоод бондоор төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй байх чиглэл барина. Ингэснээр бүсээ нэлээн чангалах нөхцөл байдал үүснэ. Жил бүр нэг их наядын дотоод бондын санхүүжилт аваад явбал хэдэн жилийн дараа төсвийн орлого, зарлагатай тэнцэх хэмжээний дотоод өртэй болох нь.