"Удаа дараа цалин нэмнэ гэж байгаа ч шийдвэр нь биеллээ олохгүй байна"
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
2015.05.12

"Удаа дараа цалин нэмнэ гэж байгаа ч шийдвэр нь биеллээ олохгүй байна"

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, төрийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмэхтэй холбоотой мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг нар ирсэн байв.

Тэдний зүгээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар яаралтай хуралдаж, асуудлыг шийдэх шаардлагыг МУ-ын Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд хүргүүлжээ. 2015-2016 оны Хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээр дээр тохирсны дагуу төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар цаг алдахгүй хэрэгжүүлэх шаардлагыг дахин тавьж байгаа аж.

Учир нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг 2015 оны нэгдүгээр сарын 15-нд тохиролцож, 90 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасанюм байна. МҮЭХ-ноос эдийн засаг хүнд байгаа үед цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг тавьж байгаа юм биш. Засгийн газар хэлэлцээрээр тохирсон асуудлаа биелүүлэхгүй байна гэдгийг МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар  хэлж байв.

ХАМТЫН МАРГААНЫГ ДАГАСАН ТЭМЦЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БЭЛТГЭЛИЙГ БИД ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

 

МҮЭХ дарга Х.Амгаланбаатар “2015 оны улсын төсөвт 90 тэрбумыг суулгачихсан. Ийм учраас бид хүлээсэн үүргээ биелүүлээч ээ гэдэг шаардлага тавиад байна. Өнөөдөр 17 цагаас Засгийн газар энэ асуудлаа нарийвчилж ярих төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Манай төрийн албаны ажилчид нэлээн хүлээлттэй, мөн бухимдал өндөр байгаа гэдгийг хэлмээр байна.

Өнөө маргаашгүй энэ асуудал шийдэгдэхгүй бол МҮЭХ-ноос хамтын маргааныг эхлүүлэх шийдвэр гаргана. Хамтын маргаан гэдэг бол аль нэг талын хүсээд байх арга хэмжээ биш.

Хамтын маргааныг дагасан тэмцлийн арга хэмжээний бэлтгэлийг бид өнөөдрөөс эхлүүлээд байна” гэсэн юм. 

Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг

“Засгийн газар удаа дараа цалин нэмнэ гэж ярьж байгаа боловч шийдвэр нь бодит биелэлээ олохгүй байна. Тийм учраас боловсол, шинжлэх ухааны салбарт ажилтнууд энэ шийдвэрээ биелэлээ олтол тэмцлийн үйл ажиллагаа явуулъя гэж үзсэн байгаа.

Улмаар МҮЭХ-доо асуудлыг тавьсан. Өнөөдрөөс эхлээд тэмцлийн үйл ажиллагаа өргөжиж байна.Шаардлага гарах юм бол төгсөлт хийхгүй байх арга хэмжээг авахад бэлэн байна гэдгийг багш ажилчид мэдэгдсэн байгаа” гэв.

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар

 

“Манай Эрүүл мэндийн салбар, эмч эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал үнэхээр өндөр байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудын авч байгаа цалин амьдралынх нь хамгийн наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа.

2015 оны нэгдүгээр сард бид гурван талт хэлэлцээрийг хийх гэж маш удаан хугацаанд өндөр хэмжээний тэмцэл хөдөлгөөн хийж, улсын төсвийн тодотголд хөрөнгө суурилуулсан.

Гэтэл үүнийг шийдвэрлэхгүй ямар сонирхол байгааг ҮЭ-ийн байгууллага ойлгохгүй байна. Засгийн газар аливаа гурван талт хэлэлцээрээр шийдэгдсэн зүйлийг хэрэгжих хугацаанаас нь оройтуулж байгаа явдал бол ҮЭ-ийн байгууллагыг үл хүндэтгэсэн явдал.

Тийм учраас Засгийн газар ойрын хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй бол шат дараалсан тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, хамтын маргаан үүсгэнэ. Нөгөө талаар ҮЭ-ийн байгууллага асуудал ярих тусам төр захиргааны байгууллагуудаас дарамт, шахалт ирж байна.

Тухайлбал НЗД-ын орлогч нар ҮЭ-ийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа учраас манай боловсрол, эрүүл мэндийн салбарынхан их бухимдалтай байгаа” гэв.