“Цалин нэмэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэв
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.05.13

“Цалин нэмэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэв

МҮЭХ өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийж, төрийн албан хаагчдын цалин нэмэх шаардлагыг Засгийн газар болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд хүргүүлсэн.

Гэсэн хэдий ч үр дүн гараагүй тул тэд өчигдөр хэвлэлийн хурал хийж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаарддагаа дахин тавилаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн улсын гурван талт 2015-2016 оны хэлэлцээрээр цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай 90 тэрбум төгрөгийг өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд төсөвт суулгажээ.

Үүний дараа Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороо, аль салбарын төрийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар нэмэхийг судалж, гуравдугаар сарын 23-нд тохиролцсон байна. Ингэхдээ тавдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээний, долдугаар сарын 1-нээс тусгай, аравдугаар сарын 1-нээс захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болжээ. МҮЭХ-ныхон “Бид эдийн засаг хүнд байгаа үед гэнэт “Цалин нэмээд аль” гээд байгаа юм биш. Хэлэлцээрээр тохирсон зүйлээ Засгийн газар өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна” гэсэн юм.

Хэрвээ өнөө, маргаашгүй цалин нэмэхгүй бол МҮЭХ-ноос Засгийн газрыг улсын гурван талт хэлэлцээрээ хэрэгжүүлэхгүй байна хэмээн үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 115.1-д заасны дагуу хамтын маргаан үүсгэх, гэнэ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдрөөс МҮЭХ-ны дэргэд цалин хөлсөө нэмүүлэх, хамтын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоог хэрэгжүүлэхэд нөлөөлөх, тэмцлийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа.

Аймаг, нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо, 2300 орчим байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд нэгдэж, тэмцлийн үйл ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид олон зүйл шаардаагүй. Засгийн газрыг хамтын хэлэлцээр, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэв.Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмэхгүй хэвээр байвал оюутан, сурагчдыг төгсгөхгүй гэж мэдэгдлээ.