Үйлдвэрчний эвлэлд Цалингаасаа өгдөг нэг хувийн татвараас тухайн хүн татгалзах эрх нь чөлөөтэй
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Ажил олгогчдын зүгээс цалин хөлсийг нь 25 хувиар нэмсэн гэж мэдэгдээд байгаа ч ажил хаялт болсон?
Энэ бол хэлэлцээрийн заалтыг бүхэлд нь хэрэгжүүлж байгаа хэрэгжилт биш. Хэсэг хугацаанд авсан арга хэмжээ. Тарифын хэлэлцээр гэдэг бол хууль тогтоомжийн дагуу байгуулагдаад холбогдох байгууллагуудад бүртгэгдээд хэрэгжих ёстой баримт бичиг. Жил гаруй хүлээлээ. Өнөөдөр зүйл заалт нь хэрэгжихгүй байна. Энэ асуудал дээр салбарын яам, нийслэлийн төр захиргааны байгууллага автобусны компанийн удирдлагууд хариуцлагатай хандах ёстой.
-Ажил хаялтын үр дүнд иргэд хохирдог. Нийтийн тээврийнхэн ойр ойрхон ажил хаях нь нэлээд хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байгаа?
Автобусны гурван компанид ажиллаж байгаа ажилчид хуулийн дагуу ажил хаялт зохион байгуулж байгаа. Тийм учраас бид буруу, зөв гэж дүгнэхэд арай эрт байна. Хэрэв ажил хаялт зохион байгуулж байгаа үйл явц нь буруу бол хууль дүрмийнхээ дагуу Энэ асуудлыг авч хэлэлцэх байх.
Ажил хаях эрх нь байгаа, зохион байгуулах үндэслэл нь бий болчихсон, хүлээсэн үүргээ төр захиргааны байгууллага, ажил олгогч нь хэрэгжүүлэхгүй жил гаруй болж байгаа учраас тээвэрчид ажлаа хаяж байгаа юм.
Тэгэхээр ажил олгогч, төр захиргааны байгууллагуудын зүгээс тарифын хэлэлцээрээ биелүүлэх хэрэгтэй. Тэгвэл ажил хаялт зогсоно. Нийтийн тээвэр ажил хаялт зохион байгуулж болохгүй объект биш. Тэгэхээр энэ асуудлын гарцыг олоод үр дүнгүй менежментээ зогсоогоод өмнөх үр дүнтэй ажиллаж байсан хэлбэр рүүгээ орох бололцоо нь байгаа.
-Шаардлагыг нь биелүүлэх бололцоо байхгүй бол яахав?
Ажилчдын цалинг нэмэх бололцоо байхгүй байсан бол тарифын хэлэлцээрээ байгуулахгүй байх ёстой байсан. Улсын хэлэлцээр байгуулчихаад цалинг нь нэмэхгүй байна гэдэг бол ард иргэдийг хуурч байна гэсэн үг. Тэгэхээр тээвэрчид энэ хариуцлагагүй үйлдлийг зогсоохын төлөө тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэж бодож байна. Үүнийг МҮЭХ дэмжиж байгаа. Энэ бол хууль ёсны тэмцэл.
-Монголын үйлдвэрчний эвлэл төрийн байгууллагуудын ажилчдын цалингаас нэг хувийн шимтгэл авдаг байдлыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл болиулсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Ер нь аливаа хүн олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх нь тухайн иргэний эрхийн асуудал. Үйлдвэрчний эвлэлд нэгдсэн гишүүд маань өөрсдийнхөө сайн дурын үндсэн дээр Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг дэмжиж цалингаасаа нэг хувийн гишүүний татварыг өгдөг юм. Энэ гишүүний татвар өгөх бол 90 гаруй жил үргэлжилж байгаа ажиллагаа. Үйлдвэрчний эвлэлийн аливаа байгууллагын тухайн салбарын үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр бол гишүүний татвар байдаг. Уг боломж эх үүсвэрийг нь ямар нэгэн байгууллага, ажил олгогч, төрийн байгууллага хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гишүүний татвар бол сайн дураараа өгч байгаа зүйл. Олон улсын түвшинд татварын хоёр хэлбэр байдаг.
Нэг нь сайн дураараа өгөх татвар нөгөөх нь албан журмын татвар юм. Хувь хүн өөрийнхөө авсан татвараасаа өгч байгаа энэ үйлдэлд ямар нэгэн ажил олгогч хөндлөнгөөс оролцоно гэдэг бол холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл гэж манай Боловсрол, шинжлэх ухааны холбооны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гомдол.гаргаж шийдвэр гаргагчийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Өнгөрсөн баасан гаригт хуралдаад тухайн шийдвэр гаргасан хүний үйлдвэрчний эвлэлийн татварыг бэлэн бусаар хураах шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр зогсоосон. Эцсийн шийд Дээд шүүхээр гарна. Тэгэхээр тэр хүртэл хуучин үйлдвэрчний эвлэлийн татварыг бэлэн бусаар хураадаг байсан үйл ажиллагаа бүх аж ахуйн нэгж байгууллага дээр явагдана.
-Гишүүд өгсөн татварынхаа зарцуулалтыг харах боломж бий юу?
Энэ боломжтой. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмээр зохицуулагдсан. Манай вэб сайтаар ороход нээлттэй байгаа юм. Зарим хүмүүс хэн нэгний халааснаас бараг л хулгайлаад байгаа мэт мэдээлэл тарааж байгаа хариуцлагагүй үйлдлээ зогсоох хэрэгтэй.
-Аливаа төрийн байгууллагад ажилладаг хувь хүн энэ татварыг төлөхөөс татгалзаж болох уу?
Болно. Энэ бол чөлөөтэй. Бид огт дуугарахгүй байвал ийм зүйл яригдахгүй. Цалин хөлс нэмэгдүүл гээд шаардаад ирэхээр ийм зүйлийг захиалгаар гаргаж ирж байгаа юм.