Я.Содбаатар: Байнгын хорооноос өгсөн хугацаатай үүргийг биелүүлээгүй учраас хурлыг орхин гарсан
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.05.27

Я.Содбаатар: Байнгын хорооноос өгсөн хугацаатай үүргийг биелүүлээгүй учраас хурлыг орхин гарсан

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тус байнгын хороонд харьяалалтай МАН-ын бүлгийн гишүүд хуралдааныг орхин гарсан юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг сонсох явцад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг 14 хоногийн хугацаанд судалж, үр дүнг эргэж байнгын хороонд танилцуулах үүрэг чиглэлийг уг зөвлөлд өгсөн.

Гэтэл товлосон хугацаа дуусч бүтэн сар өнгөрөөд байхад НДҮЗ-өөс энэ асуудлыг байнгын хороонд танилцуулаагүй байна. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд НДҮЗ-ийн зөвлөлийн танилцуулгыг оруулах санал тавьсан юм.

Байнгын хорооны хуралдааныг ямар учраас орхин гарснаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар тайлбарлалаа. Тэрээр "Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн танилцуулгыг сонсох ёстой байсан. 14 хоногийн хугацаа нь өнгөрөөд, дахиад 14 хоног болж байна.

Байнгын хорооноос хугацаатай үүрэг өгсний дагуу салбарын яам, НДҮЗ-өөс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эсэх талаар санал оруулж ирэхгүй бол байнгын хорооны хуралдаанд суух боломжгүй. Байнгын хорооны дараагийн хуралдаанаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг оруулж ирж хэлэлцүүлбэл бид хуралдаанд оролцоно. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай асуудал 200 мянган ахмадуудын дунд хамгийн хүлээлттэй байгаа" гэв.