Мэдэгдэл
Гэр хорооллын хөгжлийн газар
2015.08.20

Мэдэгдэл

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам 2013 оны 02 дугаар сарын 25–ны өдөр батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн билээ.

Одоогийн байдлаар НИТХ-аас батлагдсан 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд үндэсний 40 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 78,3 га газрын 1351 нэгж талбарыг бүрэн чөлөөлж, 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн 2014 онд 588 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан бол энэ онд шинээр 2616 айлын орон сууцыг ашиглалтад өгч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын төлөө ажиллаж байна.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлөөс хэвлэлийн бага хурал зарлан “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулахдаа нийслэлийн зүгээс холбогдох журмыг зөрчсөн, тус компани нь иргэдийг айлган сүрдүүлж, хуурамч гэрээ үйлдсэн зэрэг мэдэгдэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу шалгаруулсан бөгөөд тухайн байршлын иргэдээс дэмжлэг авах санал хураалтын үр дүнд 85 хувийн санал авч дэмжигдсэн билээ.

Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны XIV хорооллын З хэсэгчилсэн талбайн газар өмчлөгч, эзэмшигч 149 нэгж талбарын 75% буюу 112 нэгж талбартай 2 талт гэрээ байгуулсны үндсэн дээр нийслэлийн Засаг даргын 2014 оны А/496 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийг батламжилсан.

            Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдан зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгчдийг бодлого арга зүйгээр хангаж, хяналт тавих чиг үүрэг бүхий Гэр хорооллын хөгжлийн газрын бүхий л үйл ажиллагаа нь Монгол улсын холбогдох хууль, журмын дагуу явагддаг бөгөөд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ иргэд, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дээд зэргээр хангах зарчмыг мөрдөн ажилладаг болохыг мэдэгдье.

 

 

НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР