Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар боллоо
2015.08.08

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар боллоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан "ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ - 2015" форум уулзалтын үр дүнд өнөөдөр төсөл хэрэгжүүлэгч “Гангар инвест” ХХК БНХАУ-ын “CAMCE” ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

 “Гангар инвест” ХХК нь Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо Батлан Хамгаалах Их сургууль орчмын Б хэсэгчилсэн тайлбайн,нийт 39 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор эхний ээлжийн 2500 айлын орон сууц болон инженерийн дэд бүтцийн ажлыг барьж гүйцэтгэж байгаагаас энэ онд 504 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.

БНХАУ-ын “CAMCE” ХХК-тай хамтран ажилласнаар 2015 онд дахин 1000 айлын барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2018 онд нийт 5600 айлын орон сууцыг ашиглатанд оруулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж дуусахаар урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Мөн Гэр хорооллын хөгжлийн газар болон төсөл хэрэгжүүлэгч “Би Си Кэй Си” ХХК-ийн хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах бүтээн байгуулалт, орон сууцны борлуулалтын хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг гарын үсэг зурсан юм.

 

“Би Си Кэй Си” ХХК нь БЗД-ийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэр, И хэсэгчилсэн талбай, нийт 121 нэгж талбар бүхий 6,5 га газарт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд одоогийн байдлаар 13 айлын газрыг чөлөөлөөд байна. Төслийн хүрээнд нийт 1152 айлын орон сууц, 4 ширхэг үйлчилгээний барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн сургуулийн барилгыг барьж байгуулахаас эхний ээлжинд 144 айлын 2 орцтой байр 1 ширхэг, 1 орцтой 72 алын орон сууц 2 ширхэг буюу нийт 288 айлын орон сууцыг 2016 оны III улиралд ашиглалтанд оруулахаар барилга угсралтын ажлаа эхлүүлээд байна.

 

Санамж бичигт гарын үсэг зурах тус арга хэмжээнд НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан оролцсон бөгөөд тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг гаднын хөрөнгө оруулагчид ихээр сонирхон дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.