Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжиллаа
НИТХ
2015.07.21

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжиллаа

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл НИТХ-аар батлагдсан 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байгаагаас 20 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн 1343 нэгж талбарын 106,24 га газрыг чөлөөлсөн бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс, өнгөрсөн онд 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бол 2015 онд шинээр 2492 айлын орон сууцыг ашиглалтад өгч, 9171 хүн амыг тохилог орон сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Өнөөдөр дахин 2 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, батламжаа гардан авлаа. “Жигүүр гранд групп” ХХК нь БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан орчмын” 26,3 га газар бүхий Б хэсэгчилсэн талбайд нийт 261 нэгж талбар буюу 76 хувьтай 2 талт гэрээ байгуулсан. Харин “Тэлмэн констракшн” ХХК Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр дэх “Бадралын гудамж” орчмын 15,5 га газар бүхий А хэсэгчилсэн талбайд нийт 113 нэгж талбар буюу мөн 76 хувьтай 2 талт гэрээг байгуулснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч байна.

Дээрх 2 байршил нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтийн дагуу НИТХ-ын 2015 оны 19/24 тоот тогтоолоор батлагдсан онцлоготой.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу дээрх аж ахуйн нэгжүүд нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн олонхын дэмжлэгийг авч, тухайн байршлын 75 хувиас дээш иргэдтэй хоёр талт гэрээ байгуулсан тул цаашид гурван талт гэрээ байгуулах зураг төсөв, инженерийн дэд бүтцийн болон барилга угсралтын ажлуудыг шат дараалалтайгаар гүйцэтгэж эхлэх боломжтой болж байна.