УИХ-ын дарга З.Энхболд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцлаа
гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт
2015.07.08

УИХ-ын дарга З.Энхболд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж буй агаар, хөрсний бохирдол, төлөвлөлтгүй газар олголт, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, авто замын хүрэлцээгүй байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр НИТХ-аар батлагдсан 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд 38 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

            Өнөөдөр /06.20/ Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

 

Тэрээр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Арвин, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа болон албаны бусад хүмүүсийн хамтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн энэ оны анхны барилга болох төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК-ийн 144 айлын орон сууцыг үзэж сонирхов.

 

“Баганат өргөө” ХХК нь Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд нийт 275 нэгж талбартай 51 га газар нутагт төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 120 айлын 6 га газрыг чөлөөлж, инжерийн дэд бүтцийн болон автозамын угсралтын ажил мөн 288 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Төсөл хэрэгжсэнээр Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг мөн 21 га ногоон байгууламж бүхий цогц хороолол сүндэрлэх юм. Цогцолбор хороолол бий болсноор иргэдийн эрэлт нэмэгдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл УИХ-ын дарга З.Энхболдод танилцууллаа.

 

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Хотын дахин төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өчигдрийн /2015.06.19/ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийсэн. Энэ хуулийн төслөөр гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа компаниуд, иргэд хоёрын хооронд маргаантай байгаа болон үүсч болзошгүй асуудлыг хуульчилж өгч байгаа. Мөн “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Энэхүү хуулийн төслөөр хашаатай иргэд өөрсдөө зээлээ аваад өөрсдөө байшингаа бариад, барилгын компани ирж төсөл хэрэгжүүлэхийг хүлээхгүйгээр өөрөө өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдэх боломж бүрдэж байгаа юм. Хэдэн байшин бариад хэдийг нь өөрөө аваад, хэдээр зээлээ төлөх үү гээд санхүүгийн эрх чөлөөг нь иргэдэд өөрт нь өгөх зорилготой хуулийн төсөл. Өөрөөр хэлбэл иргэдийн газар нь  өөрөө эдийн засгийн эргэлтэд орно гэсэн үг.

Өмчийн эзэн бол өмчдөө хамгийн зөв ханддаг. 1990 онд мал хувьчилсан, 1996 онд орон сууц хувьчилснаар одоо малтай, орон сууцтай иргэд зээл авахад ямар ч хүндрэл үүсэхгүй байхаар эрхзүйн суурь үндэс бүрдсэн. Харин хашааны газартай иргэд зээл авахад маш их хүндрэлтэй, ер нь бол зээл олгогдохгүй байгаа. “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн төсөлд зааснаар газартай иргэд зээл авдаг байх эдийн засгийн эрх чөлөөг өгөх бусад боломжийг бүрдүүлэх зорилготой. Ард иргэдийн эрх ашгийг хөндсөн, тэдний өмчдөө эзэн байх асуудлыг хөндсөн аливаа асуудал улс төржилтөөс ангид байх ёстой гэлээ.

 

Бүтээн байгуулалтын ажилтай танилцсан хүмүүс гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүнд агаарын бохирдол 15%, орчны бохирдол, тоосжилт 14%-иар буурахын зэрэгцээ инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн 24 орон сууцны цогц хороолол бий болж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах, амрах бүхий л бололцоо бүрдэнэ гэдгийг онцлон сайшааж байсан юм.