Д.Сумьяабазар: Улаанбаатарын асуудлыг Бээжинд биш энд л шийдэх ёстой
2015.05.28

Д.Сумьяабазар: Улаанбаатарын асуудлыг Бээжинд биш энд л шийдэх ёстой

УИХ-ын гишүүд тодорхой асуудлуудад ач холбогдол өгч, хойноос нь хөөцөлддөг болсноор тухайн асуудлаараа нэршүүлэх хэмжээнд хүрээд байгаа.

Тэднийг асуудал үүсгэн хэвлэлийн хурал хийж, тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцуулахаар дуулиан дэгдээсэн асуудлаар нь “Ноён уулыг хамгаалагчид, Оюутолгойг онцгойруулагсад, Тавантолгойг тачигнуулагсад, Архи, тамхины харшилтнууд, Тэтгэвэр, татварыг түчигнүүлэгсэд” хэмээн ангилан нэрлэж болно. Тэдний дунд Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай тулж ажилладаг нэгэн гишүүн тодроод байгаа нь эрхэм Д.Сумьяабазар билээ. Тэрбээр Гэр хорооллын 24 байршилд явагдаж байгаа дахин төлөвлөлтийн ажил иргэн, аж ахуй нэгжүүдэд ихээхэн хүндрэл үүсгээд байгаа талаар мэдээлэл хийв. Дээрх 24 байршил нь Улаанбаатарын нийт гэр хорооллын долоон хувийг эзэлж байгаа аж. Мэдээллийнх нь үеэр түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөв­лөлтийн ажил өнөөдрийн байд­­лаар төлөвлөсөн хэм­­жээндээ явна уу, хэтрээд явчихсан хэрэг үү?

 -Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 20 хувьтай, үүнийг Улаанбаатарын газар нутгийн долоон хувийг эзэлдэг гэр хороололтой харьцуулахад дахин төлөвлөлтийн ажил 1.2 хувийн биелэлтэй байна гэсэн үг. Гэтэл иргэд, аж ахуйн нэгжүүд 3-4 зүйлийн асуудал ярьж байна. Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Засгийн газраас санхүүгийн баталгаа гаргуулах, төвийн дулаантай холбуулах зэрэг асуудлыг хүсч байна.

Иргэд НИТХ-ын 126 дугаар тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой журам хүний эрхийг зөрчиж байгааг хэлж байна. Уг журмаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон хэсгийн иргэд түр зөвлөл байгуулна. Түр зөвлөлийн хуралд оролцогсдын 75 хувь нь дэмжсэн тохиолдолд газрыг албан журмаар чөлөөлнө гээд заачихсан. Энэ нь хүний эрх, өмчид шууд халдсан заалт юм.  

-Та энэ асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст албан бичиг явуулсан гэсэн. Хариугаа авсан уу?

 -Хүний эрхийн Үндэсний комисст яг энэ асуудлаар албан бичиг явуулж, хариу авсан. ХЭҮК-оос гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хийгдэж байгаа ажил хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн учраас захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой гэсэн. Мөн “Эмнести интерншл” Олон улсын байгууллагаас “Монгол Улсын нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал хүний эрх зөрчсөнийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дээр яригдсан гэдгийг мэдэгдсэн. Дахин төлөвлөлтийг бид буруутгаагүй.

Хууль эрхзүйн хүрээнд нь явуулах ёстой. Дахин төлөвлөлтөөр иргэд төрдөө итгэх итгэл суларч байна. Тиймээс УИХ үүнд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хүний эрхтэй холбоотой асуудал нь НҮБ-ын түвшинд, дахин төлөвлөлттэй холбоотой асуудал Бээжин хотод яригдаж байна. Монгол Улсын бодлого хаана яваад байна гэдгийг анхаарах ёстой.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, дахин төлөвлөлтөд багтсан аж ахуйн нэгжүүд саяхан Бээжин хотод очиж хөрөнгө босгох асуудлаар Хятадын хөрөнгө оруулагч нартай уулзсан. Уг нь Улаанбаатар хотын асуудлыг Улаанбаатар хотдоо л шийдэх ёстой шүү дээ.  

-Нийслэлийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ хууль зөрчөөгүй гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл та асуудалд өөр байр сууринаас хандаж байна. Алинд нь итгэх хэрэг вэ?

 -Миний бие өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд гэр хорооллын дахин төлөвлөлт, газар албадан чөлөөлөх ажлын явцад хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлаар Хүний Эрхийн Үндэсний комисс, Монголын Эмнести Интернэшнл байгууллагад хандсан. Гэтэл нийслэлийн удирдлагуудын зүгээс гэр хорооллын газар чөлөөлөх явцад хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг удаа дараа хийсээр байгаа. Хууль зөрчөөгүй, өөрсдөө журам боловсруулаад журмаараа газар чөлөөлөх тухай асуудлыг зохицуулсан гэдэг. Гэхдээ энэ журам хүний эрхийг, Үндсэн хуулийг зөрчсөөр байгаа нь ойлгомжтой. Хүний эрхийн Үндэсний комисс, Олон улсын Эмнести интернэшнл байгууллагаас хууль зөрчсөн гэдгийг нь тогтоочихсон. Хууль зөрчөөгүй биш, анхнаасаа хууль зөрчөөд явж байгаа асуудал. УИХ Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөлд онцгой анхаарах ёстой. Үндсэн хуулиа зөрчөөд хууль баталчихвал эргээд Үндсэн хуулийн цэц дээр унах нь ойлгомжтой. 

-Газраа чөлөөлөхийг хүсэхгүй байгаа цөөхөн иргэд болон хууль тогтоогчид та бүхний тэдгээр иргэдийг зөвтгөсөн үйлдлүүдийн улмаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашраад байгаа юм бишүү? 

-Бидэнд энэ ажлыг удаашруулах гэсэн, эсэргүүцсэн зүйл огт байхгүй. Харин хууль эрхзүйн орчны ойлгомжгүй байдалтай дээрх асуудлыг холбон авч үзэх хэрэгтэй. Хоёрт аж ахуйн нэгжүүдээ санхүүгийн хямд эх үүсвэрээр дэмжих бодлогыг Засгийн газар гаргахгүй байна.  Газар чөлөөлөх, газраа чөлөөлсний дараа хямд эх үүсвэрээр дэмжих баталгааг Засгийн газраас гаргаж өгөх асуудал удаашралтай байгаа. Аж ахуйн нэгжүүд өөрийнхөө хөрөнгөөр ажлаа эхлүүлээд явж байгаа ч 2-3 жилийн хүлээлт үүсчихсэн байна. Газраа чөлөөлчихөөд дүүргийнхээ удирдлагад гэр хүссэн өргөдөл өгч байна. Ийм хариуцлагагүй, иргэдийг хохироосон дахин төлөвлөлт байж таарахгүй. 

-Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг БНХАУ-ын нийслэлд ярилцсанд та жаахан бухимдаж байгаа бололтой. Хөрөнгө оруулагчид нь тэнд байгаа болохоор асуудлыг тэдэнд ойртуулсан байх л даа?

 -НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч нар, дахин төлөвлөлтөд оролцож байгаа аж ахуй нэгжүүд Бээжин хотод хөрөнгө босгох, дахин төлөвлөлтийг түргэтгэх асуудлаар тэндэхийн хөрөнгө оруулагчидтай уулзсан байна. Монгол Улс бүрэн эрхт улс. Улаанбаатар хотын асуудлыг эндээ шийдэх ёстой. Засгийн газартай баталгаа гаргах асуудлаар хүсэлт тавиад уялдаа холбоогоо нэгтгээд УИХ-аараа дэмжлэг авч асуудлаа шийдэх учиртай. Ер нь сүүлийн үед Монголын асуудлыг хил даван нисч гадаадад ярилцдаг, шийддэг болоод байгаа нь манай улсын Үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой асуудал юм шүү.  

-Та ер нь дээрх асуудлуудаар Улаанбаатар хотын удирд­лагуудтай уулзаж, ярилцаж байсан уу?

 -Нийслэлийн удирдлагуудыг ил захидлаар албан ёсоор урьсан. Энэ удаагийн мэдээллээр ч дахин урьж байна. Бид энэ 24 байршлын газар дээр нь очиж танилцмаар байна. Би худлаа яриад байгаа юмуу, нийслэлийн удирдлагууд худлаа яриад байгаа юмуу гэдгийг нүдээр үзчихмээр байгаа юм. Шаардлагатай бол хэвлэл мэдээллийнхнийг байлцуулаад танилцах хэрэгтэй байна. Түүнээс чи би гэж талцах нь утгагүй. Өнөөдөр иргэд төрдөө итгэл алдарч байна. Энэ бол хамгийн уршигтай асуудал юм шүү. 

-Иргэдийн зүгээс тавьж байгаа асуудал бол мэдээж нөхөн төлбөр, газраараа солих орон сууцны метр квадрат зэрэг тодорхой хэдхэн асуудал байдаг нь тодорхой. Харин аж ахуйн нэгжүүдээс ихэвчлэн ямар хүсэлт, гомдол санал ирдэг юм бэ?

 -Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд гурван асуудал тавьдаг юм. Эхнийх нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай асуудал байдаг. Үүний тулд Нийслэлийн эрх зүйн байдлын болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Газрын хуулийн төслийн уялдаа холбоог нэгдсэн байдлаар хангахгүй бол УИХ-д өргөн баригдсан Хотыг дахин хөгжүүлэх хуулийн төслийн хүрээнд хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Мөн Засгийн газар дахин төлөвлөлтөд хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн баталгааны эх үүсвэр гаргаж өгөх, дахин төлөвлөлтөд хамрагдаж буй газруудыг төвийн дулаан хангамжтай холбож өгөх ажлыг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.