Гэр хорооллын 24 байршилд 36 компани бүтээн байгуулж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга
2015.05.11

Гэр хорооллын 24 байршилд 36 компани бүтээн байгуулж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлт бол нийс¬лэлд урьд өмнө хийгдэж байгаагүй хамгийн том бүтээн байгуулалт. Нийслэлийн удирдлага өнгөрсөн жилүүдэд иргэдээс саналыг нь авч газраа байраар солих уу, мөнгөөр солих уу, инженерийн шугам сүлжээг хороондоо оруулах уу гэдгээр санал асуулга явуулснаар дийлэнх нь газраа байраар солих хандлагатай байгааг бодолцон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй эхлүүлсэн билээ. 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга энэ бүтээн байгууллалтын ажилтай танилцаж, иргэд болоод төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын удирдлагатай уулзсан.  Түүний UBS телевизийн “Нээлттэй Улаанбаатар”-т өгсөн мэдээллээс хүргэж байна. 

2500 орон сууцыг энэ онд ашиглалтад оруулна 

Гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтыг нийслэлийнхэн маань мэддэг болжээ. Олон хүн санаж байгаа байх, 2013 оны нэгдүгээр сард НИТХ нийслэлийн гэр хорооллын асуудлыг дахин төлөвлөх журмыг баталсан. Анхны төслийг хэрэгжүүлэх 12 компани 2013 оны тавдугаар сард шалгарч байлаа. 

Тэр цагаас хойш хоёр жил өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар 36 компани гэр хорооллын 24 байршилд нийтдээ 75 блогт 1500 гаруй га газрыг хамарсан бүтээн байгуулалт хийж байна. 

Өнгөрсөн хугацаанд голдуу дэд бүтцийн ажлаа шуурхайлсан. 24 байршлынхаа 16-гийнх нь дэд бүтцийн асуудлыг шийдчихсэн. Үлдсэн байршлын ажлын зураг, техникийн нөхцөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөөд байна. Дэд бүтцийн асуудлыг нь шийдсэний дараа компаниуд барилгын ажилдаа шуурхай орж байгаа. 

Ноднин бид 500-гаад айлын орон сууцыг ашиглалтад оруулсан, дахин төлөвлөлтийн хүрээнд. Одоо 4500 орчим орон сууцны барилга баригдаж байна. 2500 орчмыг нь энэ онд ашиглалтад оруулна. 

1200 орчим айлыг нүүлгэсэн. Миний энэ долоо хоногт очиж уулзсан компанийнхны хэлж байгаагаар “долоон айлыг нүүлгэхэд хоёр га газар чөлөөлөгдөж байна” гэнэ. Тэгэхээр 1200 айлыг нүүлгэхээр хэр хэмжээний газар чөлөөлөгдөх нь ойлгомжтой. 

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын зарим нь гадаадын хөрөнгө оруулалтыг татсан байна. Цөөн хэсэг нь өөрийн хөрөнгөөр барилгаа эхэлж байна. Компаниуд банкнаас зээл авна. Зээлийн тодорхой хувийг хот даахаар болсон. Тийм шийдвэр гаргахаар УИХ, Засгийн газрын түвшинд ярьсан. Банкны холбоо, банкуудтай ярих гээд төлөвлөж байна. 

Одоогийн банкнаас гаргаж байгаа зээл жилийн 16-18 хувийн хүүтэй байгааг 10 хувь болгоод өгчих юм бол компаниудад учрах эрсдэл нь багасна, орон сууцны үнэ хямдарна. 

Ганданд өндөр байшин барихгүй 

Хотын төвлөрлийг сааруу¬лах зорилгоор хийж байгаа дахин төлөвлөлтийн ажил Сонгино¬хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт сайн явж байгаа. Харин Гандан, Радио, телевиз орчимд жаахан хүнд байна. Уг нь энэ хавь дэд бүтэцтэйгээ ойрхон. Тийм болохоор газар нь үнэтэй. Гандангийн орчмын иргэдтэй хоёр гурван удаа очиж уулзалт хийлээ. Янз янзын асуудал байна. Үнэтэй газар болохоор иргэд нь өөрсдөө нэгддэг. Нэгдээд төсөл хэрэгжүүлэгч компаниудад санал тавьдаг. Харин хэлцлүүд нь их удаан явагдаад байгаа юм. 

Гандан орчмын айлуудын 60 гаруй хувь нь дандаа түрээсээр орж ирж байгаа. Жинхэнэ эзэн нь өөр газар, гадаадад ч юм уу амьдардаг. Байгаа хүмүүс нь яг гэрээ хэлцэл хийх хүн биш байдаг. Гандан бол шашин соёлын томоохон төв. Тийм учраас Ганданд өндөр байшин бариулахгүй. Ноднин “Гудамж” төслөөр замынх нь ажлыг эхлүүлсэн. Дэд бүтцийг нь шийдчихээр хүмүүс өөрсдөө нэгдээд газраа чөлөөлж өндөр биш байшин барих боломж нээгдэх болов уу. 

Дахин төлөвлөлт гэдэг бол төсөл хэрэгжүүлэгч компаниуд очоод айлуудтай гэрээ хийгээд нүүлгээд хорооллын шинжтэй өндөр барилга бариад явж байгаа. Нөгөө талд нь гэр хорооллын зарим айл нэгдэж “Бидэнд дэд бүтцийг нь татаад өгчих. Бид өөрсдөө хаус барья. Зээл авья” гэдэг. Бид үүнийг нь дэмжсэн журмыг хоёр сарын өмнө баталсан. Энэ жил зургаан газарт энэ журмаар орон сууцжуулах ажлыг эхлүүлнэ. 

Хариуцлагыг нь Д.Сумьяабазар хүлээнэ 

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол зүгээр л шоу. Энэ бол хэзээ ч бүтэхгүй ажил” гэж ярьж яваад үнэхээр гайхаж байгаа. 

Гэр хорооллын дахин төлөвлөлт бол улсын сэдэв биш. Энэ бол хотыг хөгжүүлэх бид бүхний нийтлэг сэдэв. Хэн нэгэн улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс ингэж ярьж яваа нь харамсалтай. 

Гэр хорооллын дахин төлөвлөлт бол эргэлт буцалтгүй хийх асуудал. Тэнд компаниуд эрсдлээс айхгүй орж байна. Гэтэл хэн албан тушаалтан, тухайлбал, Д.Сумьяабазар мэт нь “Энэ чинь бүтэхгүй” гэж ярьж, хүмүүсийн сэтгэл санааг урвуулаад байгааг ойлгохгүй юм. 

Хэрвээ энэ төсөл гацвал хэрвээ тэнд хөрөнгө оруулсан компаниуд хохирол амсах юм бол эцсийн хариуцлагыг тэр Д.Сумьяабазар гэдэг нөхөр хүлээх болно гэдгийг хатуу хэлмээр байна. 

Дагуул хотын тухайд санаа зовох хэрэггүй 

Багануур, Налайхыг Улаанбаатарын дагуул хот болгох тухай асуудал яриа болоод үлдчих вий гэж санаа зовох хэрэггүй. Өнөөдөр бид хот гэдэг ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Улаанбаатар хот, нийслэл гэж хоёр өөрөөр нэрлээд байдаг. Улаанбаатар гэдэг бол хотын төвийн зургаан дүүрэг шүү дээ. Нийслэл гэхээр хотын төвийн зургаан дүүрэг дээр Багануур, Налайх, Багахангайг нэмээд нэрлээд байгаа юм. Хоёр өөр ойлголт. Багануур, Налайх хоёр бол Улаанбаатар хот биш, нийслэлийн дүүрэг, дагуул хот. Улаанбаатарыг хот гэдгийг нь зөвшөөрчихсөн атлаа хэн ч хуулийн хүрээнд статусыг нь тогтоогоогүй. Үүнийг УИХ Улаанбаатар бол улсын чанартай хот мөн гэж хууль, тогтоол гаргах шаардлагатай юм. Тэгсэн атлаа Хот тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлээд яваад байдаг. 

НИТХ-аас Багануур, Налай¬хыг хот болгохоор шийд¬вэрлэчихлээ. Гол нь дүүрэг гээд Засаг дарга удирддаг. Гэтэл өнөөдөр хотын ажлаа хийхгүй дандаа Засаг даргын ажлыг хийгээд явдаг. Засаг дарга бол хуулиараа дээрээс өгсөн тогтоол шийдвэрийг доошоо дүүрэгтээ зохион байгуулах хүнийг хэлдэг. 

Харин хотын захирагч бол тэр хотод тулгамдсан асуудлыг шийддэг. Товчхондоо, хот гэдэг ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн нэгдэл. Эрүүл аюулгүй, утаагүй, хоггүй орчинд тав тухтай сайхан амьдрах нь хотын хүмүүсийн хүсэл зорилго. Үүнийг зохион байгуулдаг хүн бол хотын захирагч юм. 

Бид үүний зөвхөн эхлэлийг нь тавьсан. Одоо цаашаа өөрөө өөрийгөө яаж санхүүжүүлэх вэ, энэ хотуудын эрх мэдэл нь ямар байх ёстой юм, Засаг даргаасаа юугаараа өөр байх юм гэдгийг хуулиараа тогтоох ёстой. Хууль эрх зүйн тал дээр нь бид ажиллаж байна. Эцсийн дүнд УИХ-аас баталж тогтоох ёстой юм. 

Сэлбэ, Баянхошуу төвийн ажлыг эхлүүлсэн 

Улаанбаатар хотыг хөгжүү¬лэх 2020 оны төлөвлөгөө, 2030 оны үндсэн чиглэл гээд ноднин УИХ-аар баталсан. Үүгээр бол Улаанбаатар хотыг найман төвтэй болгоё гэж төлөвлөсөн. Өнөөдөр манай Улаанбаатар нэг л төвтэй байгаа. Бага тойруу гэсэн нэг л төвтэй. 
Бүх зүйл нь эндээ байдаг. Үүнийгээ дагаад түгжрэл нь ч эндээ. Гэр хороололд түгжрэл байхгүй шүү дээ. Дээр дурдсан найман төвийн хоёр нь Сэлбэ, Баянхошуу төв. Ажлыг нь бид эхлүүлсэн. Үлдсэн төвүүдийг ч бас үргэлжлүүлэн байгуулна. 

Хөрөнгийн 20 хувийг нь хот төсвөөсөө гаргана. 80 хувийг нь Азийн хөгжлийн банк болоод Европын Сэргээн босголтын банк гаргах юм. Том төсөл. Нийтдээ 300 орчим сая ам.доллар шаардагдана. Эхний шатанд 104 сая ам.долларын өртөгтэй зураг төслийн ажлыг нэлээд шаргуу хийж байна. 

Засаг даргын Тамгын газрыг Ханын материал руу шилжүүлэх асуудал газрын маргаанаас болоод удааширсан. Сүүлдээ Ханын материалтай тохиролцоонд хүрч чадлаа. Нийт хориод га газрын есөн га газрыг хот өөрийн мэдэлдээ аваад байна. Бид ажлын зургийг нь хийлгэчихсэн. Гадаадын хөрөнгө оруулагч ч олсон. Одоо тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил нь эхэлнэ. 

Үйлчилгээний байгуулллагууд зогсоолоо шийдэх тухай тогтоол гаргалаа 

Дугуй түгжих журмын талаар Шударга өрсөлдөөн, хэрэгчийн төлөө газар шүүхэд өгсөн байгаа. Маш товчхон хэлэхэд энэ журмыг батлахын өмнө бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санал авсан юм шүү дээ. 
2014 оны тавдугаар сарын 26-нд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хэлтсийн дарга Батбаатар гэдэг хүний гарын үсэг зурж бидэнд ирүүлсэн албан бичиг байна. 

Үүн дээр Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зүйл заалтыг зөрчөөгүй гэсэн байгаа. Гэтэл тус газрын дарга Аюурсайхан зурагтаар мэдэгдэл хийж хүмүүсийн сэтгэл санааг төөрөгдүүлээд байгааг ойлгоогүй. Түүний ярьж байгаагаар хууль журам зөрчсөн машиныг зөөнө, ачна, харин түгжинэ гэдэг заалт байхгүй гэж байгаа юм. 

Бид машин ачих асуудлыг журамлаад хоёр жил болж байна. Жил гаруй болтол яасан гээч. Манайхан муу зүйл сэтгэж хийхдээ сайн шүү дээ. Хориглосон газарт машинаа зөөх боломжгүйгээр тавьж байгаа юм. Урд талын машинтай тулгаж тавина. Жолоогоо мушгиад тавьчихна. Эсвэл хашлага давуулаад тавьчихна. Уучлаарай, би муу юм зааж байж магадгүй, гэхдээ бүгд л мэддэг болсон зүйл. 

Зөөх боломжгүй машиныг яах тухай хуульд заагаагүй. Иргэдийн хурлын дарга та асуудлыг зохицуулж өг гэсэн хүсэлт ирж байна. Ингээд дугуй түгжих журам гаргасан юм. Иргэдээс ч энэ тухай санал авч гаргасан журам. 

Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн хоёрдугаар заалтад. “Хуулиар зохицуулаагүй харил¬цааг нутгийн өөрөө удирдах байгууллага зохицуулж болно” гэснийг үндэслэж хийсэн зүйл. 

Үүн дээр яригддаг нэг зүйл бол зогсоолын асуудлыг шийдээчээ гэдэг. Бид зогсоолын асуудлыг нэлээд шийдсэн. Энэ нь Улаанбаатарын машины өсөлтийг гүйцэхгүй байгааг ойлгож байгаа. Дугуй түгжиж, машин зөөдөг болсноор манай жолооч нарын хариуцлага хамаагүй сайжирсан. Энд тэнд дуртай газраа машинаа орхидгоо больсон. 
Бид саяхан үйлчилгээний байгуулллагууд үйлчилгээ явуула¬хын тулд зогсоолын асуудлаа өөрсдөө шийддэг болох тогтоол гаргасан. Одоо мөрдөнө. 

-Шарга морьт чиглэлийн зуслангийн замыг энэ зун шинэчлэнэ 

Нийслэлийн төсөв бол нийтдээ 500 тэрбум төгрөг байдаг. Нийслэлийнхэн мэдэж байхад илүүдэхгүй, үүнийг. 70 хувийг нь хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг. 30 хувь нь замын, үндсэн хөрөнгийн, үйлдвэр аж ахуйн газрын татвараас бүрддэг. Үүний 250 тэрбум нь хотын урсгал зардалд, тодруулбал төрийн албан хаагчдын цалин, хот тохижилт, зам арчилгаа зэрэгт явчихдаг. 

Сая бид нэг томоохон зүйлийг төсвийн тодотголоор баталсан. Улсын төсөв унаад байхад хотын төсвийг 105 орчим тэрбум төгрөгөөр нэмчихсэн. Үүнийг нэг удаа бүрдүүлэх боломж бол байна. Дараа жил нэмбэл бүрдүүлж чадахгүй. Энэ жилийн боломж нь юу вэ гэхээр бид байгаа газраа хувьчлахаар шийдсэн. Үүнээс 95 тэрбум төгрөг олох боломж байгааг судлаад гаргасан. Энэ сараас эхлээд хотын мэдлийн газруудыг дуудлагаар хувьчилж эхэлнэ. 

Эндээс олсон хөрөнгөөрөө эхний ээлжинд Шарга морьт чиглэлийн зуслангийн замыг шинэчлэхээр шийдээд байгаа. Хүндрэл учирч магадгүй. Гэхдээ хийхээс өөр арга байхгүй. Нэг удаа “зовоод” хэдэн жилдээ сайхан замаар явья. Мөн хотын төвд Энхтайвны өргөн чөлөөг хааж дулааны шугам сүлжээг солино. Энэ зундаа багтаж хийх зүйлээ хийнэ.