Зөрүүд байшингууд
Зөрүүд байшин
2015.05.21

Зөрүүд байшингууд

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын нэг хэцүү асуудал нь газар чөлөөлөх, түүнтэй холбоотой нөхөн олговрын хэмжээ. Зарим айл өөрийнх нь газар чухал гэдгийг мэдээд тэнгэрт хадсан үнэ хэлээд тас гүрийх тохиолдол цөөнгүй. Энэ нь цаанаасаа нарийн төлөвлөгөөтэй ажилд том хүндрэл учруулдаг. Тэгвэл энэ төрлийн асуудлыг манай урд хөршүүд өөрөөр шийддэг аж. 

Зөрүүд байшин гэдэг нь голдуу хатуу хучилттай зам, орчин үеийн өндөр барилгуудын дунд торойж үлдсэн ганцаардмал байшинг хэлнэ. Ийм байшингийн эзэд томоохон барилгын компани, орон нутгийн захиргаатай маргаантай байдаг. Тэд ихэнх тохиолдолд нөхөн олговрын хэмжээг чамласнаас гэрээ орхин явахаас татгалздаг. 

Хамгийн их зөрүүд байшинтай улс бол Хятад. Энэ нь номхон, сахилгатай гэгдэх хятадуудын зарим нь эрх баригчидтай хэрхэн мөчөөгөө өгөхгүй тэмцэлддэгийн тод жишээ юм. 

Хятадын Засгийн газрын хувьд гол зүйл нь эдийн засгийн өсөлт байдаг учраас ард түмний зүгээс ямар нэгэн асуудал дээр санал нийлэхгүй тохиолдолд хүлээж авах нь ховор.  Эдүгээ Хятадад үндэсний баатар болж хувирсан зөрүүд байшингийн эзэд цөөнгүй бий. 

Зөрүүд байшингуудыг олшруулахгүйн тулд Хятадын эрх баригчид тэдний талаар бичихийг сэтгүүлчид, блогчдод хоригложээ.

Хамгийн алдартай зөрүүд байшингийн нэг 2007 онд бий болжээ. Чунцин хотын нэгэн рестораны эзэн У Пиний байшин асар том барилгын талбайн голд торойж үлджээ. У Пин өөрийн байшингийн хамт тэр хотын чухал үзмэр болж хувирав. 

Гэхдээ У Пины зөрүүд түүх энхийн замаар төгсчээ. Эцэстээ барилгын компанитай тохиролцож, байшингаа орхин явав.

Бас нэгэн зөрүүд байшин. Дээвэр дээрээ Хятадын төрийн далбаатай гурван давхар зөрүүд байшин Хэнань мужийн шинэ хурдны замын голд “сүндэрлэсэн” хэвээр үлджээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр байшингийн эзэн Засгийн газрын санал болгосон нөхөн олговрын хэмжээг голж, нүүхээс эрс татгалзсан аж.  Шинэ зам байшинг тойрон гарч цааш баригдав. Харин зөрүүд эзэн байшиндаа амьдарсан хэвээр. 

Хагас нь нурж унасан энэ байшин Чжэцзян мужийн Венлин хотод баригдсан шинэхэн замын дунд үлджээ. Энд нас дээр гарсан Ло Баогэнь эхнэрийн хамт амьдардаг бөгөөд нөхөн олговрынхоо хэмжээг чамлаж 4 жил эрх баригчидтай тэмцэлдэв. Эцэст нь 41 300 доллар авч байшингаасаа нүүхээр болов.

Гуанду мужийн Гуанжоу хотын барилгын талбай дээрх зөрүүд байшинг буулгаж байгаа нь. Байшингийн эзэд нураах зөвшөөрөл өгсөн мөртөө шүүхээр маргалдаж барилгын компаниас өгөх нөхөн олговрын хэмжээг өсгөхийг оролдсон ч амжилт олсонгүй. Энэ газарт удахгүй шинэ хороолол босно.

Энэ магадгүй Хятадын хамгийн алдартай зөрүүд байшин. Энэ байшингийн зургийг дэлхийн бараг бүх хэвлэлүүд нийтэлсэн.  Байшингийн эзэн улсаас санал болгосон мөнгийг голов. Газартай наалдсан, тариачны жижигхэн байшин өндөр барилгаар хүрээлэгдсэн асфальтан замын дунд ганцаар үлджээ.  Энэ байшин Гуанси-Чжуагийн автономит тойргийн Наньнин хотод байдаг.

Гуандун мужийн Шэньчжэний бизнесийн районд байдаг 6 давхар зөрүүд байшин. Энэ байшинш нэгэн гэр бүл эзэмшдэг.  Байшингийн эзэн Чой Чу Чэун энэ газарт санхүүгийн төв барих компаний санал болгосон мөнгийг чамлажээ. Тэрээр метр квадрат тутамд 840 биш, 2300 доллар өгөхийг шаардаж байна.