Орон сууцанд амьдруулна гэсэн яасан бэ?
Гэр хорооллын дахин төлөвлөлт
2016.04.21

Орон сууцанд амьдруулна гэсэн яасан бэ?

Энэ асуултыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хүлээлттэй байгаа иргэд асууж байна. Энэ асуултын мөрөөр бид дараах тоо баримтад тулгуурласан мэдээллийг хүргэж байна. Мөн талуудын байр суурийг ч хамтатган таны өмнө дэлгэе.

Нийслэл улаанбаатар хотын гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14% гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд  хамрагдсан нийт хүн ам: 78292

-Нийслэлийн гэр хорооллын нийт хүн ам: 799’000

Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд байгаа өрхийн 78 хувь нь уг ажилд эерэг хандлагатай байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаагүй өрхийн 61 хувь нь хамрагдахыг хүсч байна.

2015 онд төслийн хэмжээнд нийт 1656 айлын орон сууцны барилга ашиглалтад орж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2100 иргэн тохилог сууцаар хангагдсан. Үүнд:

-Бэрэн групп ххк – 1080 айлын орон сууц

-Баганат өргөө ххк – 144 айлын орон сууц

-Цагаан хуаран консалтинг ххк – 432 айлын орон сууц

2016 оны эхний хагас жилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Ингэснээр 4000 гаруй иргэд тохилог орон сууцанд амьдарна.

Баянзүрх дүүрэг

-Баганат өргөө ххк – 144 айлын орон сууц

-Гангар инвест ххк – 168 айлын орон сууц

-Зургаан талт ххк – 150 айлын орон сууц

Сонгинохайрхан дүүрэг

-Стандарт проперти групп хк – 262 айлын орон сууц

-Хера пропертийз ххк – 320 айлын орон сууц

Сүхбаатар дүүрэг

-Пример инвестмент групп ххк – 60 айлын орон сууц

2016 онд хийгдэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралт

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэхээр 19,0 тэрбум төгрөг батлуулсан.

-2014-2016 он дамжин хэрэгжих инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

2016 оны эхний хагас жилийн газар чөлөөлөлт

-Инженерийн шугам сүлжээний трасс дайрсан 10 айлын 0,5 га газар чөлөөлнө.

-Эхний ээлжийн барилга угсралтын ажил эхлүүлэх 15 айлын 0,75 га газар чөлөөлнө.

2016 оны 2 улиралд автозамын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Үүнд: 

- Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэрт он дамжин хэрэгжиж байгаа  2,032 сая төгрөгийн ажил автозамын угсралтын ажил

- Баянзүрх дүүрэгт 1,022 сая төгрөгний эхний ээлжийн автозамын угсралтын ажил

Мөн автозамын зураг төсөл боловсруулахад шаардлагатай 1,259 сая төгрөгийг батлуулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12 байршилд автозамын зураг төсөл, гэрэлтүүлэг, ус зайлуулах иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ.

НИТХ-ын дарга Д.Баттулга: Мэдээлэл дутмаг, хэрэгжилт удаан байна. Гэхдээ...

Энэ ажилд 40-өөд компани оролцож байна. Үүнээс 22 нь идэвхтэй, 5-6 компанийн ажил хүнд байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хотын нэг хэсэг газар сайн байхад нөгөө хэсэг газарт удаашралтай байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Ялангуяа Налайх, Багахангай Багануур дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл дутмаг, хэрэгжилт удаашралтай байна. Гэхдээ нийслэлийн иргэд дахин төлөвлөлтөд хамрагдаж, орон сууцтай болохыг их хүсдэг болж. Тиймээс хэрэгжилтийг түргэтгэх шаардлага зайлшгүй байна.

“Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбаяр: Ямар ч байсан хэрэгжих л ёстой 

"Тулгамдаж байгаа гол асуудлууд гэвэл хууль эрх зүйн орчин дутмаг, нийслэл болон төрийн бодлого нэг цэгт зангилагдаж чадаагүй, нийслэлийн орон сууцны бодлого алдагдсан буюу орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан зэрэг үндсэн төсөл амжилттай хэрэгжих эсэх нь хамаарах асуудлууд байна. Ямар ч шинэлэг ажилд алдаа, дутагдал байдаг. Гагцхүү аливаа эхэлсэн ажил алдаа, дутагдлаа засаж цаашид улам сайжирч явж байна уу гэдэг нь чухал. Иргэдийн оролцоо ямар байх вэ? Төр буюу нийслэлийн оролцоо ямар байх юм гэдэг нь анхнаасаа тодорхой байх ёстой.

Одоогоор нэг талаас, иргэний хашаа байшинг хямд авах гэсэн төсөл хэрэгжүүлэгч, нөгөө талаас газраа үнэтэй өгөх гэсэн иргэд байгаа юм шиг л  харагдаад байна. Ямар ч байсан дахин төлөвлөлтийн төслүүд цаашид хэрэгжих ёстой. Нэгэнт бариад ашиглалтад оруулсан орон сууцны борлуулалтад анхаарах ёстой."

Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг: Иргэд, компаниуд сайтар харилцан тохиролцох хэрэгтэй

"Энэ төсөл үргэлжилдэгээрээ үргэлжилж, явдагаараа явна. Манай газрын зүгээс энэ төсөл амжилттай болно гэдэгт итгэл найдвар дүүрэн байна. Төсөл удааширсан гол шалтгаан нь хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсонтой холбоотой. Манай гэр хорооллын иргэдийн хувьд орон сууцтай болох хүсэл эрмэлзлэл байсаар байна. Тиймээс хурдан байртай болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөж, барилгын компаниудтай сайтар ярилцаж, тохиролцолгүйгээр гэрээнд гарын үсгээ зурчихдаг. Энэ тал дээр иргэд ч, барилгын компаниуд ч хариуцлагатай хандах хэрэгтэй.

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа учраас түүнд нөлөөлөгч томоохон хүчин зүйл болох гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах номер нэг шийдэх ёстой асуудал. Дахин төлөвлөлтийн ажил төлөвснөөсөө хоцорч байгаа нь үнэн. Гэхдээ энэ төслийг дуусгах л хэрэгтэй. Энэ хүрээнд батлагдсан бага, дунд, урт хугацааны хөтөлбөрүүд хэрэгжих шатандаа эргэлт буцалтгүй орсон. Өөрөөр хэлбэл ямар ч цаг үе, нөхцөл байдал үүслээ энэ төслийг зогсоо, боль гэсэн асуудал үүсэхгүй."

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн П.Шүр-Эрдэнэ: Удах тусам цаг хугацаа алдаж, санхүүгийн эрсдэлд орсон

"Манай гэр бүл орон сууцтай болохоор шийдэж, гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд баригдаж буй орон сууцанд захиалгаа өгсөн ч маш удаж байж ашиглалтад орсон. Төлөвлөсөн хугацаандаа орон сууц ашиглалтад ороогүйгээс захиалагчийн хувьд түрээсийн байранд удаан хугацаагаар амьдрах, санхүүгийн хувьд эрсдэл хүлээх, хугацаа алдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн."