Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгоно
НЗДТГ
2015.07.21

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгоно

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцлээ.

Гэр хороооллын дахин төлөвлөлтийн санхжүүжилтийн механизмийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсэгт  Монгол банк, Монголын ипотекийн корпораци, Монголын банкны холбоо, НЗДТГ, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 15 хүн байдаг  юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууны танилцуулснаар, 2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн батлагдсан 21 байршилд 1,337,5 га талбайд төсөл хэрэгжиж 78,0 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2016 онуудад 36,4 мянган орон сууцыг ашиглалтад оруулах бол  төсөл хэрэгжүүлэгч компаниуд 2015 онд 1,7 мянга, 2016 онд 9,1 мянга, 2017 онд 2,5 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.  Цаашид энэхүү ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд 2015-2017 онуудад 1 их наяд төгрөгийг санхүүжилт хэрэгтэй бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид зээлийн хүүгийн төлбөрт 147,1 тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарчээ.

Тиймээс төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгож дэмжлэг үзүүлэх,  гэр хорооллын иргэдийг стандартын шаардлага хангасан чанартай  орон сууцанд амьдруулах, зорилтод бүлгийн иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах нөхцөл бүрдүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн 6 хувийн татаас олгох нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Бизнесийн зээлийн хүүгийн жилийн дундаж хувь нь 21,3 байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид зээлийн хүүгийн төлбөрийн 15,3 хувь буюу эхний жил 15,7 тэрбум төгрөгийг төлж, үлдсэн 6 хувийн зээлийн хүүгийн төлбөрийг нийслэлээс татаас хэлбэрээр олгох юм. Ингэснээр орон сууцны дундаж үнийг  м кв-ыг нь 1,2-1,69 сая төгрөгт барих боломжтой гэж үзэж байгаа төдийгүй нийслэлд амьдарч буй орон сууц худалдан авах сонирхолтой 62 000 иргэний 21 хувь нь ойрын жилүүдэд эрүүл аюулгүй стандартад нийцсэн орон сууцанд амьдрах, дундаж орлоготой иргэд хямд үнэтэй орон сууц худалдан авах боломжтой болно гэдгийг ажлын хэсгийхэн онцолж байв.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин,  НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.