Хайлаар хотод "Сонгинохайрханд үйлдвэрлэв" төв ажиллана
СХДүүрэг
2015.07.09

Хайлаар хотод "Сонгинохайрханд үйлдвэрлэв" төв ажиллана

Сонгинохайрхан дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хайлаар хотоос жил бүр уламжлал болгон Хятад, Монгол, Орос гурван улсын Эдийн засгийн форум, үзэсгэлэн яармагийг зохион байгуулдаг юм.

Энэ жил 11 дэхь удаа болж байгаа тус арга хэмжээ өнгөрөгч зургадугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд явагдлаа. ОХУ-ын Чита, Улаан-Үд хотууд, Монгол Улсын Дорнод аймаг, Чойбалсан хот, Сонгинохайрхан дүүрэг, БНХАУ-ын 10 гаруй аймаг, хотууд оролцдог энэхүү томоохон арга хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг өндөр ач холбогдол өгч оролцлоо.  Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засг дарга М.Чинболд, ЖДҮДСМТ-ийн захирал Г.Билгүүн нараар ахлуулсан төлөөлөгчид, үзэсгэлэн яармагт оролцох аж ахуйн нэгж байгууллагуудын хамт өргөн бүрэлдэхүүнтэйгээр  Хайлаарт хүрэлцэн очсон юм.

Эдийн засгийн форум, үзэсгэлэн яармагийн нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд нар үг хэлж арга хэмжээнд амжилт хүссэн. Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд тус үзэсгэлэнд өөрсдийн урласан бүтээлүүдээ дэлгэн худалдаалсан нь оролцогчдын анхаарал, сонирхлыг ихэд татаж байлаа.

Сонгинохайрхан дүүргээс өнгөрөгч 5 дугаар сард Хайлаар хотод дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах төв ажиллуулах талаар санал тавьсныг Хайлаар хотын захиргаа нааштайгаар хүлээн авсан. Энэ дагуу “Сонгинохайрханд үйлдвэрлэв” төвийг ажиллуулах Санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааны түүхэнд томоохон үйл явдал боллоо.Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд гадаад зах зээлийг нээж өгч байгаагаараа тэдэнд дүүргийн зүгээс үзүүлж буй бодитой, бодлогын дэмжлэг болж байна.

 Мөн Хайлаар хотын дарга Дү Лиэн Хэ, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд нар ногоон байгууламж, хүнсний ногоо тариалалтын тал дээр хамтарч ажиллах Санамж бичиг байгууллаа. Хайлаар хот нь уур амьсгал, цаг агаарын хувьд Улаанбаатар хоттой ижил нөхцөлтэй бөгөөд ногоон байгууламж, газар тариалан эрхлэлтийн өндөр технологи, тэргүүн туршлагатай. Санамж бичгийн дагуу Сонгинохайрханаас энэ чиглэлээр Хайлаарт мэргэжилтэн бэлтгэхээс гадна Сонгинохайрхан дүүрэгт Хайлаарын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж технологи, туршлагаа танилцуулах юм.

Ийнхүү жил бүр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хайлаар хотод болдог гурван улсын Эдийн засгийн чуулга, үзэсгэлэн яармагт Сонгинохайрхан дүүрэг  амжилт арвинтай оролцлоо.