“Нарны хүүхдүүд” төвд халуун усны газар барихаар болжээ
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн орчим амьдардаг айл өрхийн хүүхдүүдийн дунд сургууль завсардсан, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй цөөнгүй хүүхэд бий.
Тэгвэл эдгээр хүүхдүүдэд зориулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар болон “Харилцааны хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн А.Баасандорж нар санаачлан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийг 2013 онд байгуулж байжээ. Энэхүү цэцэрлэг нь өдгөө сургууль, цэцэрлэг, сургалтын төвийг багтаасан том цогцолбор болон өргөжсөн байна.
Харин тус цогцолборт БНСУ-ын “SKY project” компаниас спорт урлагийн заал, халуун ус бүхий хоёр давхар байр барьж өгөхөөр болжээ. Ингэснээр Улаанчулуутын хогийн цэг орчмын хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд насанд хүрэгчид ч мөн халуун усаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм байна. Тус төвөөр өдгөө нийт 120 гаруй хүүхэд үйлчлүүлдэг бөгөөд ирэх намраас хүүхдийнхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэж “Нарын хүүхдүүд” төвийн захирал Н.Мөнхтуяа мэдээлжээ.