Ар өврийн хаалгаар томилогдсон төрийн албан хаагчийг ажлаас нь шууд чөлөөлдөг болох ёстой
СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар
2015.06.11

Ар өврийн хаалгаар томилогдсон төрийн албан хаагчийг ажлаас нь шууд чөлөөлдөг болох ёстой

Үүний дараа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар чуулга уулзалтын үндсэн илтгэлийг тавилаа.

Тэрбээр “Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл баталгаа, ёс зүйн байдал” сэдэвт илтгэлдээ төрийн албан хаагчдын ажлын байрны баталгаа, ажлаас халагдахгүй, тогтвортой ажиллах боломж бололцоо хумигдсаар байгааг онцлов.

Тухайлбал өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараа 15 мянган төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж 30 мянган хүнийг эргүүлэн ажилд авсан тоо баримтыг онцлов. Үүнээс төрийн албаны аль ч түвшинд улс төрийн нөлөөгөөр өөрийн багийг бүрдүүлэх, бүтцийн шинэчлэл хийх нэрийдлээр халаа сэлгээ хийж, орон тоог дур мэдэн нэмдэг нь тодорхой харагдаж байна гэлээ.

Энэ нь эцсийн дүнд төрийн байгууллагуудын ажлын чанарт нөлөөлж, албан хаагчдын итгэл үнэмшилтэй, тогтвор суурьшилтай, авлигад өртөхгүйгээр ажиллах хүсэл эрмэлзлэлийг үгүй хийж, даргын ая тухыг харсан мэдлэг чадваргүй, туршлагагүй хүнээр дүүргэх гол шалтгаан болж байгааг хэллээ.

Тиймээс тэрбээр энэхүү байдлаас гарах хэд хэдэн гарцыг илтгэлдээ тодорхойлжээ. Юуны түрүүн хууль бус ар өврийн хаалгаар томилогдсон төрийн албан хаагчийг ажлаас нь шууд чөлөөлж, орон тоог цөөрүүлэх ёстой гэв. Мөн хууль бусаар томилогдсон хүмүүсийг чөлөөлөхдөө тэтгэмжийг олгохгүй болох, тангараг өргөсөн төрийн албан хаагчаар оролцдохгүй байх гэсэн зоригтой алхамуудыг хийх хэрэгтэй гэсэн юм.

Хууль тогтоогчдын зүгээс төрийн байгууллагуудын албан хаагчдыг 10 хүртэлх хувиар хөдөлгөж болох хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй гэсэн гарцыг ч мөн хэллээ. Тэр ч бүү хэл хууль бусаар ажлаас халсан шийдвэр гаргаж, төсөвт хохирол учруулсан удирдах албан тушаалтнаар хохирлыг бүрэн барагадуулдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ. Мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд төрийн жинхэнэ албанд орж ажиллах эрхийг 6 сараар хязгаарлах, нэгдсэн бүртгэлийн системээр хянадаг болох зэрэг санаануудыг гарган тавилаа.

Өөрийн дэвшүүлж буй дээрх санаануудыг ирэх 2016 оны сонгуулиар намуудаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт тусгуулах талаар идэвхи зүтгэл гаргахаа мөн хэлж байв.

ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙЛАА ГЭЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ

Тэрбээр цааш нь төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг мөн хөндөв. 2012 оны сонгуулиар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч улмаар даргаар сонгогдон ажиллах хугацаанд төрийн албан хаагчдын зүгээс нийгмийн асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа асуудлыг түгээмэл хөнддөгийг анзаарсан байна. Үнэндээ тэтгэвэрт гарах эрх үүсэн үед байгууллагаас нь төрийн албанд ажилласан жилийг харгалзан цөөхөн хэдэн төгрөгийн тэтгэмжийг 1 удаа олгодгоос өөр туслаж дэмжих боломжгүй байдгийг тэрбээр хэлсэн.

Хэдийгээр улс орны эдийн засаг хүнд байгаа ч төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй гэсэн юм. Дүүргийн тухайд ИТХ-ын төлөөлөгч, Ажлын албаны ажилтнууд, Засаг даргын Тамгын газарт ажиллаж буй албан хаагчид нийгмийн асуудлаа нэг бус удаа тодорхой хэмжээгээр шийдвэрлүүлдэг байхад орон нутгийн болон улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудын албан хаагчид тусламж дэмжлэгт адил тэнцүү хамрагдаж чадахгүй байна гэлээ.

Тодруулбал, төрийн ажлыг жинхэнэ нугалдаг эмч багш, цагдаагаас эхлээд хотын өнгийг засч өөд татдаг цэвэрлэгч, үйлчлэгч нар тусламж дэмжлэгийн гадна үлдэж байна гэсэн үг ажээ. Тиймээс “Дүүргийн орон нутгийн болон төсвийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр”-ийг дүүргээс боловсруулан чуулганд оролцогчдод хүргүүлж буйгаа хэллээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс бус орон нутгийн төсвийн 5-аас доошгүй хувиар санхүүжүүлэх зохицуулалтыг хийсэнээ мөн хэллээ.  

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАДАГ ГЭЖ ИРГЭД БАЙНГА ШҮҮМЖИЛДЭГ НЬ НУУЦ БИШ

Түүний илтгэлээрээ хөндсөн дараагийн асуудал нь төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйн асуудал байв. Дүүргийн ИТХ-ын тогтоолоор 2015 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарлажээ. Төрийн албан хаагчдыг төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага ёс зүйн алдаа гаргадаг гэх шүүмжлэлийг иргэдийн зүгээс байнга хэлдэг  нь нууц биш гэдгийг тэрбээр санааныхаа эхэнд хэлсэн.

Энэ нь өнөөх л төрийн албаны тогтворгүй байдлаас үүдэлтэйн дээр тухайн төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтоороо хүлээсэн чиг үүргээ хангалттай сайн биелүүлдэггүй, идэвхи санаачилгагүй, фейбүүк, твиттэрээр аялж өдрийн өнгөрөөх, асуудал тавигдаад ирэхээр хариуцлагаас мултрах арга зам хайж, түмэн зовлон тоочиж ажилдаа сэтгэл зүрхээрээ ханддагүйтэй холбоотой гэсэн энгийн гаргалгааг гаргасан байна. Тиймээс төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд тодорхойлсоноор “Төрийн албан мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэсэн гол зарчмыг байнга санаж мөрдөх хэрэгтэйг тэрбээр онцолж дурдлаа.

Ийнхүү бараг хагас цаг үргэлжилсэн түүний илтгэл чуулга уулзалтад оролцогчдод эрх үүргээ ухамсарлах, цаашид ажилдаа үнэн сэтгэлээсээ хандах сэдлийг өгөхөөс гадна басхүү нийгмийн асуудлаа шийдүүлэх урам зоригийг хайрласан гэхэд болохоор байлаа. Үнэндээ дүүргүүдийн албан хаагчид нэг дор цуглан өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлынхаа талаар тэр бүр ингэж дэлгэрэнгүй яриад байдаггүй гэсэн утгаараа арга хэмжээнд оролцож буй төрийн албан хаагчид сэтгэл хангалуун байлаа.

ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ЗАХИАС ҮНЭТЭЙ БАЙЛАА

Чуулга уулзалт цаашаа дүүргийг УИХ-д төлөөлөн сууж буй гурван гишүүний санал бодлоо хэлсэнээр үргэлжилсэн. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Төрийн алба бол тогтвортой, мэргэшсэн байх чухал. Төрийн албан хаагчдыг мэдлэг чадвараас нь шалтгаалан анхан шатнаас дээд шат руу дэвшүүлэн ажиллуулдаг байх ёстой.

Энэ асуудлыг миний бие УИХ дээр байнга ярьж хэлдэг, цаашид ч анхаарал хандуулж ажиллана” гэсэн юм. Тэрбээр анхан шатны нэгж болох хороодод ажилладаг, айлын хаалга бүрийг нүдэж, нохойд хөөгдөн төрийн ажлын хүнд хүчрийг нугалдаг хэсгийн ахлагч нарын зүг анхаарал хандуулах цаг болсоныг онцлон хэлсэн нь чуулга уулзалтын уур амьсгалыг шуугиулаад амжив.

Тэрбээр хэсгийн ахлагч нарыг цалингийн доод хэмжээгээр биш төрийн албан хаагчийн шатлалаар цалинжуулах ёстой, үүнийг хуульд тусгуулахын төлөө ажиллана гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын зүгээс төрийн албан хаагчдыг эрхэмлэх есөн зүйлээ ямагт санаж, мөрдөж явахыг захив. Ялангуяа шударга, ил тод, хариуцлагатай байх нь төрийн албан хаагчийн нэн тэргүүний үүрэг шүү гэдгийг чухалчлан хэлсэн юм. Харамсалтай нь УИХ-ын гишүүд шударга байж чаддагүйг тэрбээр үгэндээ дурдаад авлаа.

Харин УИХ-ын Л.Эрдэнэчимэгийн зүгээс төрийн үйлчилгээний албан хаагчдыг урьдчилгаа төлбөргүй орон сууцны зээлд хамруулах журмыг боловсруулж байгаа гээд ажил хэрэг болгохын төлөө тууштай явна гэсэн хатуухан амлалтыг өглөө. Ийнхүү нийслэлийн хамгийн олон хүн амтай, хамгийн их ачааллыг нуруундаа үүрч ажилладаг Сонгинорхайрхан дүүргийн төрийн албан хаагчдын нэг дор цугласан чуулга уулзалт дуучин A Cool-ийн “Сонгинохайрхан дүүргийн сүлд дуу”-г дуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга ая дуугаа өргөсөнөөр өндөрлөлөө.