Нийслэлд мөнгө нь ихэдсэн мэт сонин хачин шийдвэр гаргаж байна
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатартай ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүрэг хүн ам олонтой, ядуурал ихтэй гэх тодотголыг байнга зүүдэг. Энэ нь гэр хороолол их, шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалдаг уу. Яагаад бусад дүүргээс амьдрал доогуур байдаг юм бэ?
Монгол Улсын татварын тогтолцоо их сонин шүү дээ. Татварын нэгдсэн системтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, томоохон компаниудын бүх төрлийн татвар улсын төсөвт төвлөрдөг. Хүн амын орлогын албан болон бусад татвар нийслэлийн төсөвт орно. Харин орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй буюу ТҮЦ, павильон болон үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны хоёр хувийн татвараас дүүргийн төсөв бүрдэж байгаа юм. Сонгинохайрхан дүүрэг татварын хувьд маш эмзэг, ТҮЦ павильон цөөн.
Баянгол дүүрэг, III IV хороолол тэр чигтээ худалдааны лангуутай, тэнд ажиллаж байгаа хэдэн мянган хүнээс татвар авч байгаа. Баянзүрх дүүрэгт гэхэд “Нарантуул”, “Да хүрээ”, “Өгөөмөр”, XIII хороолол, “Сансар” гээд худалдаа үйлчилгээний төв байна. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн үйлчилгээний төвөөс Хархорины автобусны буудал хүртэл замын ар талаар хэдэн баар, ресторан, Толгойт, Баянхошуунд байрлах найман нэрийн цөөхөн дэлгүүрээс өөр орлогын бааз суурь байхгүй. Татварын орлого багатай учраас Сонгинохайрхан дүүрэг ганцаараа нийслэлээс сүүлийн 20 жил татаас авч байна.
Уг нь Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь ажиллаж амьдарч байгаа дүүргийг санхүүгийн хувьд бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой. Ганц ширхэг экскаватор, бульдозер ч үгүй дүүрэг байна гээд бод доо. Тэгсэн хэрнээ хуулийн дагуу маш олон чиг үүргийг дүүрэгт хариуцуулдаг. Адилхан нийслэлийн иргэд татварын бааз суурь муутай дүүрэгт амьдардгаасаа болж хохирох ёсгүй. Дүүрэг, нийслэлийн үндсэн чиглэл иргэдээ ая тухтай орчинд амьдруулах явдал шүү дээ. Гэтэл манай дүүргийн иргэд хохирсоор байна.
-Тэгэхээр яах ёстой юм бэ?
Татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах эсвэл татаасаа нэмэгдүүлэх ёстой.
-Дүүрэгт зориулаад татварын хуулийг өөрчлөхгүй байлгүй дээ. Тэгэхээр дүүргийнхэн орлогын өөр эх үүсвэр хайх хэрэгтэй юм биш үү?
Би өөрөө хуульч хүн. Хууль гэдэг ард түмний эрх ашгийн илэрхийлэл байх ёстой. Дүүрэг гэдэг удирдлагын хэдэн хүн биш юм. Манай дүүрэгт гэхэд Монгол Улсын хүн амын 10 хувийг эзлэх ард түмэн амьдарч байна. Тэгэхээр хуулиа ард түмний эрх ашигт нийцүүлэх ёстой биз дээ. Хуучин социалист нийгмийн төр эрх зүйн онолоор бол хууль нь төрийн хүсэл сонирхлын илэрхийлэл байсан. Одоо цагт эрх зүйн онол, хүний ёс суртахуун ч өөрчлөгдөж байна. Тиймээс яагаад нэг дүүргийн иргэдийн эрх ашигт хуулиа нийцүүлэхийн тулд өөрчилж болдоггүй юм.
-Татаас гэж хэр их мөнгө өгдөг юм бэ. Үүнийг нэмэх боломж байдаггүй юм уу. Нийслэлийн төсөв жилээс жилд нэмэгдээд байгаа биз дээ?
Сонгинохайрхан дүүргийн татварын орлогоос бүрдүүлдэг 12-13 тэрбум төгрөг ердөө ажилчдын цалин хөлс, халаалт дулаанд зарцуулагдаад л дуусдаг. Гэтэл бид дүүрэгтээ мод таримаар байна. Зүлэгжүүлмээр, үер уснаас хамгаалж далан, шуудуугаа цэвэрлэмээр байдаг. Үүнд зориулсан нэг төгрөгийн ч төсөв, хөрөнгө оруулалт гэж байдаггүй. Нийслэл төсвийн бүх эрх мэдлийг базаж суучихаад, өөрсдийнхөө тааллаар хүссэн хөрөнгө оруулалтаа л хийдэг.
Дүүргийн Засаг дарга гэдэг албан тушаалтан нь ямар ч эрх мэдэлгүй. Одоо дүүргийн Засаг дарга нэг хэлтсийн даргаа ч томилж чадахаа больсон. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргыг дээрээс томилно. Халамжийн даргыг сайд нь, Хөдөлмөрийн хэлтсийн даргыг Хөдөлмөрийн сайд томилно.
Сургууль, цэцэрлэгийн захирлыг нийслэлээс томилж байна. Тэгэхээр Засаг дарга томилоогүй албан тушаалтан дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргынхаа үгэнд орж, хүчин чадлаа дайчилж ажиллах уу. Томилгоо нь дээрээс учраас хэлтсийн даргадаа хариуцлага тооцох эрх ч Засаг даргад алга. Төвлөрлийг сааруулна гэж дарга нар аман дээрээ сайхан ярьдаг ч “төвлөрөл” гэдэг бүрэн утгаараа нийслэлд бий болсны жишээ нь энэ.
-Орон нутагт төсвийн болон удирдлагын бүх эрхийг шилжүүлсэн гэдэг биз дээ?
Орон нутагт бүх эрх мэдлийг өгсөн. Жилд дөрөв орчим тэрбум төгрөг төсөвлөж, орон нутагт хөрөнгө оруулалт хийгээрэй гэж ярьдаг л юм. Гэтэл сүүлийн гурван жил төсөвлөсөн мөнгөнийхөө 30- 50 хувийг төсөв хүндэрлээ гээд татаад авчихсан.
Өнгөрсөн жил гэхэд Сонгинохайрхан дүүрэг 900 орчим сая төгрөгийн өртэй үлдсэн. Иргэдээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг ч өгч чадаагүй. Тэр өрөө энэ оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс дарж байх жишээтэй. 120 мянган га газар нутагтай, 300 мянган хүн амтай дүүрэгт жилд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үнэндээ юу ч хийгээд илэрхий үр дүн харагдахгүй байгаа юм.
Гэтэл нийслэл яаж байна гээч. Мөнгө нь ихэдсэн юм шиг сонин, хачин шийдвэр гаргадаг. 15.2 тэрбум төгрөгөөр хороо бүрт Хадгаламж зээлийн хоршоо байгуулна гэж хувийн хэвшлийн банк санхүүгийн тогтолцоонд мөнгө төсөвлөнө. Түүнийхээ оронд яагаад том нутаг дэвсгэр, хамгийн олон хүн амтай, ядуурал ихтэй дүүрэгтээ захиран зарцуул гээд 5-10 тэрбум төгрөг өгч болдоггүй юм.
Ингэвэл аливаа ажилд ахиц дэвшил гармаар байна шүү дээ. Ер нь ажил, бүтээмж шаардах гэж байгаа бол нэгдүгээрт мөнгө санхүү, хоёрдугаарт эрх мэдлийг өгөх ёстой. Дараа нь хариуцлага нэхэж болно. Эсвэл нэр төдий дүүрэг гэдэг аппаратыг татан буулгах хэрэгтэй. Нэг их сүржин нэр, даржин ажилтай, хэлтсүүд дүүрэгт олон. Эдийн засаг төлөвлөлтийн, дэд бүтцийн хэлтэс гээд.
Ганц ширхэг траншейны таг солих мөнгөгүй дэд бүтцийн хэлтэс байгаад яадаг юм бэ. Зүгээр л мэдээ, тайлан гаргаж нийслэл рүү түгээдэг л тогтолцоо үйлчилж байна. Тэгэхээр ярьдаг шигээ орон нутагт эрх мэдлийг өгөөч ээ, дарга нар аа. Төсвийн эрх мэдлийг нь өгөөч. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэдэн хууль байдаг юм. Би сүүлийн үед ойлгохоо больсон.
Үүний бараг 50 хувь нь ямар нэгэн хэлбэрээр орон нутагтай холбогддог. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хариуцна, ус рашааны нөхөн сэргээлтийг дүүрэг хийнэ гээд ямар ч эдийн засгийн үндэслэлгүй олон хуультай. Дээр нь жил болгон Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр үндэслэсэн “Эрүүл монгол хүн”, “Боловсролтой хүн” гээд олон дэд хөтөлбөр гардаг. Тэр бүгд дүүрэгт ирж батлагддаг. Тэгсэн хэрнээ нөгөө дэд хөтөлбөрүүд нь хэрэгжих техник эдийн засгийн үндэслэлгүй байх жишээтэй.
-Уг нь Сонгинохайрхан дүүрэгт хотын захиргаа барьж орон сууцны хороолол бүхий нийслэлийн дэд төв болгох төлөвлөгөөтэй байгаа биз дээ. Харин ч Налайх, Багануур шиг дагуул хот болгох боломжтой юм биш үү?
Дагуул хот болвол сайн. Би хувьдаа Налайхыг хэлбэрийн төдий нэр өгсөн гэж харж байгаа. Татварын болон Засаг захиргааны нэгжийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаагүй байж шинээр орон тоо, албан тушаал нэмэгдүүлж бүтцээ данхайлгаад яах юм. Ямар ч эрх мэдэл, төсөвгүй хотын захирагч юу хийх юм бэ. Ингэж нэр төдий ажил хийж байхаар татварын орлого, төсвөө бүрдүүлэх эрхийг нь өгөх ёстой.
Би яагаад дандаа мөнгө төсөв ярьж байна гэхээр аливаа бодлого шийдвэр хэрэгжих гол хөшүүрэг нь санхүү, төсөв байдаг. Гэтэл бодлого хэрэгжүүлэх нь бүү хэл, үерийн далангаа цэвэрлэх экскаваторгүй дүүрэг гэж байж болох уу. Ийм нөхцөлд юу ч хийж чадахгүй, боломж ч алга.