Над руу маш хүчтэй дарамт, шахалтууд ирж байна
Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.06.18

Над руу маш хүчтэй дарамт, шахалтууд ирж байна

Иргэдийн гомдлын дагуу Петро Чайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад ирсэн Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Дорнод аймагт ажиллаад тэр ямар асуудлыг шийдвэрлэж чадав. Дашрамд дурдахад, Петро Чайна Дачин Тамсаг компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй том толгойлж, аль олон жилийн өмнө тавих ёстой байсан  200 гаруй км замыг өнөөдрийг хүртэл тавиагүй байна. Мөн монгол ажилчдыг ажиллуулах ёстой ч ажиллуулалгүй өдийг хүрчээ. Ажилчдынхаа нийгмийн даатгалын асуудлыг шийдэж чадахгүй болохоор нь тус компанид Нийслэлийн нийгмийн даатгалын газраас 1 тэрбум 400 гаруй тэрбум төгрөгийн торгуулийг тавьжээ. Мөн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас 560 сая төгрөгийн торгуулийг тавиад байгаа гэнэ. Ингээд О.Баасанхүүгийн яриаг хүргэе.

-Та Петро Чайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Тус компанитай холбоотой тодорхой зөрчлүүд өмнө нь илэрчихсэн байгаа. Харин бодит нөхцөл, байдал дээр нь ажиллахад ямар байв?

Би гурван зүйлийг шалгахаар Дорнод аймаг руу явсан. Нэгдүгээрт, Замын асуудал байна. Ерөнхий сайд болон УИХ-ын дарга Петро Чайна компанийн үйл ажиллагаатай танилцахаар очих бүрт нь урдаас нь “Манайх асфалтан зам тавъя” гэж хэлдэг. Гэтэл одоо хүртэл тавиагүй байгаа. Энэ зам нь стратегийн маш чухал ач холбогдолтой. Тухайлбал, 26 км яваад Мянганы замтай огтолцдог. Мөн 68 км яваад Байгалийн үзэсгэлэнд цогцолбор болох Буйр нууртай огтолцдог юм. Тиймээс 207 км асфалтан зам, 139 км сайжруулсан зам тавих ёстой.

Энэ үүргийг биелүүлэхгүй байгаа нь эхний асуудал. Хоёрдугаарт, Тэнд ажиллаж буй монгол ажилчдын асуудал байна. Хөдөлмөрийн яамнаас тусгай эрх авсан “Зөв боломж” гэх байгууллагын зуучилсан ажилчдын ахуй орчин, цалин мөнгө, нийгмийн даатгалтай холбоотой янз бүрийн асуудал гарсан учраас түүнийг шалгах шаардлагатай байсан. Гуравдугаарт, шатахуун зөөвөрлөдөг Петро чайна Дайчин компанийн тээврийн хэрэгслүүдтэй холбоотой асуудал байна.

Тус компанийн зүгээс шатахууныг тээвэрлээд Хятад руу гаргадаг учраас тус улсын номертой байх ёстой гэсэн тайлбарыг хэлдэг. Ийм шалтгаанаар олон улсын гэрээ хэлцлийг хэрэгжүүлэхгүйгээр хятадын дугаартай машинуудыг явуулдаг. Гэхдээ талбай дээр ажиллах тусгай зориулалтын машинуудыг Монголоос авах ёстой. Тэнд монгол жолооч нарыг ажиллуулах ёстой юм.

-Тус компани руу очих зам ямар байв?

Бид 19 болон 21-р талбай руу явж очсон. Бороо орсны дараа явсан болохоор ч тэр үү  очиход их хүнд байсан. Аргагүй юм. Зөөлөн хөрстэй газар дээгүүр хүнд даацын машинаар 23 жил талхалчихаар ямар байх нь ойлгомжтой биз дээ.

-Зам тавиагүй шалтгаанаа тус компани юу гэж тайлбарласан бэ?

Гэрээний дагуу бол 2013 оны есдүгээр сард зам тавих ёстой. Хэрвээ замаа тавихгүй бол тээвэрлэлтийг зогсооно гэж гэрээнд заасан байгаа. Асуудлын гол нь замаа тавиагүй мөртлөө тээвэрлэлтээ явуулсаар байгаад оршиж байна. Би “Төрийн байгууллагаас тээвэрлэлтийг нь зогсоохоос өөр аргагүй. Тэр тохиолдолд шатахуун Монгол улсад байж байна. Мэдээж шатахууныг зөөвөрлөх ажиллагаа түр хугацаагаар хойшилно.

Харин замаа тавиад дууссаны дараа тээвэрлэлт явагдах ёстой. Ямар шалтгаанаар замаа тавихгүй байгаа юм бэ” гэж асуусан. Харин тус компанийн холбогдох албан тушаалтнууд 2015 оны 10 дугаар сардаа 107 км замыг үлдсэн 100 км замыг 2016 оны 12 сарын 31-ны өдөр гэхэд тавьчихна гэж хэлсэн.

Тэд Буйр нуураас Петро Чайна компани хүртэлх 68 км замыг эхлүүлэх сонирхолтой байгаа. Харин уг ажил дээр Зам тээврийн яамнаас маршрут тогтоож өгөхгүй байна гэдэг асуудлыг мөн хэлж байна лээ. Нутгийн иргэд бол тус 68 км замыг их хүлээж байгаа. Миний зүгээс 14 хоногийн хугацаа өгье. Яриа хэлэлцээрт орох хэрэгтэй. Шинээр гэрээ байгуулах асуудлыг яръя гэсэн. Бидний хувьд тус компанийн тээвэрлэлтийг зогсоох зорилгогүй. Гол нь замыг нь тавиулах ёстой. Учир нь зам тавих мөнгийг Хятадын талаас гаргаж байгаа.

Петро Чайна компанийн хувьд 90 сая доллараар зам тавьж байхаар 46 сая доллараар хоолой баръя гэдэг саналыг ч мөн хэлж байна лээ. Газар доогуур хоолой татаж түүгээрээ газрын тосоо шахна гэсэн үг. Миний хувьд энэ саналыг эхний ээлжинд дэмжих бодолгүй байгаа. Замаа тавьсаны дараа дараагийн асуудлыг ярьж болно. Энэ асуудлаар Зам тээврийн яаман дээр хэлэлцээрт орно. Хэрвээ хэлэлцээрт орохгүй гэвэл тээвэрлэлтийн эрхийг нь зогсоохоос өөр арга байхгүй.

-Монгол ажилчдын эрх, ашиг тэнд ноцтой зөрчигдөж байна гэдэг. Энэ талаар мэдэж, дуулсан шинэ зүйл байна уу?

Тус компанийн ажилчдын 25 хувийг монголчууд эзлэх ёстой. Уг нь тэр хувьд нь зуучлалаар монгол ажилчид авсан байгаа юм. Тэгэнгүүт Хөдөлмөрийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан “Зөв боломж” гэдэг компани байгуулагдаж монгол ажилчдыг зуучилсан. Тэд монгол ажилчдынхаа ажлын байр, нөхцөл, цалин, нийгмийн даатгалыг Петро дайчин компаниас аваад төлдөг юм байна. Би тус компанийг АТГ-т өгье гэж бодож байгаа.

Энэ нь Хятадын компанийн буруу биш, тэд мөнгөө л өгч байгаа юм. Зуучлагч байгууллага үүнд дээр тодорхой үүрэг хүлээдэг. Тухайлбал, Солонгос руу монгол ажилчдыг зуучилж ажиллуулаг маш олон байгууллага байдаг. Тэд хоёр талын гэрээ байгуулаад хүмүүсээр ямар ажил хийлгэх вэ, цалин хөлсийг хэдээр тохирох вэ, ажлын нөхцөл байдал ямар байх зэргийг яриад хариуцаад явдаг. Хятадын компани өгөх ёстой мөнгөө өгсөн.

Харин манай Монголын “Зөв Монгол” компани том эрх, дархтай болчихоод ингэж аашлаад байна. Монгол хүний хийх ёстой ажлыг гадаад хүн хийж байвал ажлын байрны төлбөр төлнө гэж хуулинд заасан байдаг. Хэрвээ монгол хүн ажиллуулж байгаа бол дагалдан ажиллуулаад хоёр жилийн дотор мэргэшүүлэх ёстой. Гэтэл Петро Чайна Дачин Тамсагаас ажиглавал Дорнодын ажилгүй, орлогогүй иргэдийг аваачиж ажиллуулж байна. Нөгөө хүмүүс нь ажил гарвал л хийдэг.

- Зам тээврийн яамтай хэлэлцээрт орж асуудлыг шийдвэрлэх юм байна. Үр дүн эерэгээр гарахгүй бол яах бол?

Зам тээврийн яамтай хэлэлцээрт орж гэрээ дахин хийгдэх ёстой. Мөн тус яамнаас замын маршрут гаргаж өгөх ёстой байгаа. Гурван удаа боломж өгсөн. Хэрвээ боломжийг ашиглахгүй бол тэгээд хэнд ч гомдохгүй биз. Уг асуудлаар Хятадын Элчин сайдтай хэлэлцээрт орно гэж бодож байгаа. Тэр хүнд би тайлбарлах юм. Хятадын нэг компанийн ажлыг гацаах гээд байгаа юм биш шүү дээ.

-Тус компаний шалгахад маш хүндрэлтэй байгаа талаар та ярьсан. Яг ямар хүндрэлүүд байна?

Маш хүнд байгаа. Миний дотны найз над руу утасдаад “Яг энэ асуудлаар чам руу 14 гишүүн утасдаж дарамтална” гэж хэлсэн. Эхнээсээ хүчтэй дарамтууд орж ирсэн. Цаашдаа нилээн дарамтууд ирэх юм шиг байна.  Учир нь би гэрийнхээ гадаа зам тавиулах гээгүй. Стратегийн ач холбогдолтой замыг тавиулах гэж ажиллаж байна. Ялангуяа АТГ энэ ажилд их хойрго хандаж байгаа.