МАН-ын завсарлагаас болж эмэгтэй гишүүд хурал хаялаа
2015.06.17

МАН-ын завсарлагаас болж эмэгтэй гишүүд хурал хаялаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлгийн гишүүд тав хоногийн завсарлага авсан юм.

Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Айлын таван хүүхдийг гэртээ авч ирээд харна гэдэг аюулгүй байдал талаасаа боломжгүй гэж үзэж байна. Мөн төсөл батлагдсанаар 60 гаруй тэрбум төгрөгийн зардал шаардлагатай гэсэн тооцоо байна. Энэ хэмжээний мөнгийг Сангийн яам төсөвт суулгах боломжгүй гэж үзсэн. Иймээс завсарлага авах шаардлагатай байна" гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Арвин Байнгын хорооны дарга Д.Батцогтоос үг хэлэх боломж олгохыг хүссэн ч МАН-ын бүлэг завсарлага авсан учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар үг хэлэх боломжгүй, дараагийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм. Тиймээс Д.Арвин гишүүн "...Хүүхдүүд гудманд хэвтэж байна. Хүүхдээ харах бололцоог нь олгоё гэж гуйж байхад завсарлага авах ямар хэрэгтэй юм..." гэж хурлыг орхин гарсан юм.

Түүний араас Байнгын хороонд харьяалагддаг бусад эмэгтэй гишүүн мөн хурлыг орхиж гарснаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдах боломжгүй болсон юм.Ингээд МАН-ын бүлэг завсарлага авч, байнгын хороо хуралдах боломжгүй болсонтой холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураах мөчид УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авах санал гаргаж, ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Завсарлага авах шалтгаан нь хуулийг эсэргүүцсэн, амьдралд нийцэхгүй байна, хүүхдүүдийг зөвхөн стандартын шаардлага хангасан цэцэрлэгт байрлуулах 'шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Эмэгтэй гишүүд эхнээс нь энэ хуулийг дэмжиж ажилласан. Тус хуулийг дэмжүүлэхийн тулд ХАХНХ-ын яам, БСШУ-ны яамтай нягт хамтарч ажиллаж байж дэмжлэг авсан. Гэтэл өнөөдөр санал хураах үед завсарлага авсан учраас эмэгтэй гишүүд бид Байнгын хорооны хуралдааныг орхин гарч ирээд байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: БСШУ-ны яамнаас гаргасан судалгаагаар 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нийт 1750 объект хэрэгтэй. Бид үүнийг таван жилийн дотор барих ямар ч бололцоогүй учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлах ёстой. Гэтэл Байнгын хороогоор завсарлага авч байгаа нь энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж амжихгүй гэсэн үг. Намар дахиад л хүүхдүүд цэцэрлэг сургуульгүй болно.

Эмэгтэй гишүүд ихээхэн анхаарал хандуулж ажилласны  үр дүнд 2012, 2013, 2014 онд хөрөнгө оруулалтын жагсаалтад сургууль, цэцэрлэгийн барилгууд ихээр орсон байгаа. Энэ асуудлыг шийдэх хүртэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Энэ бол улс төржих сэдэв биш. Амьдралаас урган гарч байгаа асуудал. Хуулийн төслийг батлах нь л чухал. Монголын нийгэмд хүүхэдтэй холбоотой гарч байгаа асуудал, сэтгэл эмзэглүүлсэн зүйлүүдийг даван туулах арга зам бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм. Тиймээс энэ хуулийг гацаах шаардлага байхгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Арвин: МАН ын зарим гишүүн мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар хуулийн төслийг гацааж байна. Энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхийн төлөө эмэгтэй гишүүд тэмцэхэд бэлэн байна. УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэхгүй бол эмэгтэй гишүүд чуулганы хуралдаанд ч суухгүй хүртэл арга хэмжээ авна.