Ө.Энхтүвшин: УИХ, цэцийнхний цалинг нэмж аргадаж байгаа хэрэг үү
Хууль зүйн байнгын хороогоор өчигдөр Үндсэн хуулийн Цэц болон, Үндсэн хуулийн Цэцээр маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчдын зүгээс Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн тухай хуулийг батлаад 20, Үндсэн хуулиар маргаан шийдвэрлэх хуулийг батлаад 15 жил өнгөрсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч үндсэн өөрчлөлт гараагүй.
Мөн нийгэм, эдийн засгийн чиг хандлага, алдаа оноон дээр тулгуурлаад шинэчлэн найруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ-ын зарим гишүүн нэмэлт өөрчлөлт оруулаад явах хэрэгтэй, шинэчилсэн найруулгын төсөл оруулж ирэх шаардлагагүй гэж үзэж байлаа. Тус байнгын хорооны хурлын үеэр гишүүдийн хэлсэн үг, асуултыг хүргэе.
Г.Лүндээжанцан: УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд үг, үсгийн маргаан, Үндсэн хууль тайлбарлах тал дээр маргаан их гарах боллоо. Үг үсгээр хөөцөлдөж, хэт явцуу хүрээнд шийдвэр гаргаж байна гэх шүүмжлэл тасрахгүй юм. Энэ талаас нь харахад УИХ, Цэц хоёр сөргөлдөгч талууд болчихоод байгаа. Гэхдээ сөргөлдөөний явцад холбодог ганц зүйл нь Үндсэн хууль.
Цэцээс шударга ёс, ёс зүй, хүний эрх, эрх чөлөө эрх зүйн соёлын өндөр төвшинд тайлбар гарч байх ёстой. Энэ оруулж ирсэн шинэчилсэн найруулга ийм " төвшинд орж ирж чадсан уу. Хоёрдугаарт, яагаад шинэчилсэн найруулга хийх зайлшгүй шаардлага бий болсон бэ. Эдийн засгийн тооцоо судалгаа байна уу. Үндсэн хуулийн шинэчлэл, реформын талаар их ярьж байна.
Үндсэн хуулийн Цэц шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн байх ёстой гэж байгаа. Миний хувьд Цэцийг Үндсэн хуультай холбоотой маргааныг шийдэх, хяналт тавих хоёрдмол үүрэгтэй гэж ойлгодог. Нэг талаас шүүх ч юм шиг, нөгөө талаас зөвлөл юм шиг ажилладаг. Энэ нь зөв зарчим. Гэхдээ УИХ- аас баталсан хуулийг шууд тасалж байгаа гэсэн онолын маргаан бас байдаг. Тэгээд ч Үндсэн хууль тайлбарлах эрхтэй хоёр субьект нь УИХ болон Цэц болчихоод байна.
Үүнтэй холбоотой зохицуулалт шинэ төслөөр орж ирж байна уу. Би тодотгол, нэмэлт өөрчлөлт оруулж болох юм. Шинэчилсэн найруулга оруулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Ингэж шинэчлэн найруулах нь төлөвшин тогтож байгаа хууль хяналт, шүүхийн тогтолцоог бэхжүүлэх биш, маргаан мэтгэлцээний бай болгочих вий гэж болгоомжлол байгаа юм.
Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр: Үндсэн хууль өөрөө хууль зүйн нэр томьёоноос бүтдэг. Хууль зүйн шинжлэх ухаанд үгчилсэн ойлголт, нэгдсэн нэр томьёог харах нь тогтсон зарчим юм. Үндсэн хуулиас бусад хуулийг Дээд шүүх тайлбарлана гэж зааж өгсөн боловч, Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг албан ёсоор дурдаагүй. Тэгсэн хэдий ч парламент хууль тогтоох байгууллага гэдэг утгаараа харин Үндсэн хуулийн шүүх тайлбарладаг нь дэлхий нийтэд тогтсон жишиг. Шинэчлэн найруулсан энэ төсөлд, Цэц Үндсэн хуулийг тайлбарлана гэж заагаагүй.
Гэхдээ Цэц гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхой хугацаанд тайлбарладаг болохоор заасан. Шийдвэрийн үндэслэлд заавал тайлбарлах хэд хэдэн заалт байгаа. Мөн Цэцийн шийдвэрийг олон нийтэд мэдээлдэг байх зэрэг илүү нарийн заалтууд орсон. Цэц шийдвэрээ олон нийтэд мэдээлдэг байх нь судлаач шүүмжлэгчдийн дунд эрүүл маргаан өрнүүлэх бололцоог хангана. Энэ мэт дэвшилттэй зүйл олон байгаа. Та нэмэлт өөрчлөлт оруулахгүй яагаад шинэчлэн найруулах болсон бэ гэж байна.
Ер нь Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болчихоод байгаа юм. Та мэдэж байгаа байх. Давхардсан болон хэт ерөнхий агуулгатай зэрэг дутагдал байсан учраас Цэц дэгийн дагуу зохицуулаад явж байсан асуудал байна. Цэцийн бүх үйл ажиллагаа хуулийн дагуу байх ёстой гэдэг зарчмаар илүү нарийвчлан шинэчлье гэсэн. Тиймээс шинэчилсэн найруулгын төвшинд оруулж ирсэн.
Ө.Энхтүвшин:Үндсэн хуулийн Цэц бол шүүх юм гэж энд бичжээ. Тэгэхээр Цэц Шүүх юм уу. Энэ нь Үндсэн хуультайгаа нийцэж байгаа юу. Үүнээс гадна зардал нэмэхээр олон зүйл, заалт байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн Цэцийн дарга, орлогчийн цалин, Дээд шүүхийн танхимын тэргүүний цалин хангамжаас дээгүүр байна. Цэцийн бүх гишүүн орон тооных байна, Цэцийн төсвийг Сангийн яамаар дамжуулахгүй шууд УИХ-д оруулж батлуулна гэнэ.
Үүний цаана төсвөө нэмэх гэсэн хандлага л явдаг. Мөн Цэцийн гишүүн гадаадад эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний зардлын 70 хувийг төрөөс даана гэх зэрэг заалт байна. Энэ чинь цагаа олсон юм уу. Цэц үйл ажиллагаа явуулахад ийм өөрчлөлтийг хийхгүй бол болохгүй болчихоод байгаа юм уу. Цалин эрх мэдэл багадаад байна уу. Хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа юм уу. Эсвэл Цэцийн гишүүд үүнийг хүсээд байна уу.
Үүний дараа шүүх прокурорынхон энэ жимээр орж ирээд жим нь зам болно. Олон нийт УИХ-ыг өөрсдөдөө зориулж хууль баталдаг гэж шүүмжлээд байна шүү дээ. Сүүлийн үед УИХ- аар баталсан хууль бүхэн Цэц дээр унаж пүрэв, баасан гариг бүр Цэцийн дүгнэлтийг хэлэлцдэг болсон. Цэцийг аргадаж, тойглох гэсэн арга юм шиг харагдахгүй юу. Иргэдийнхээ цалин, тэтгэвэрийг нэмж чадахгүй байж зардлыг ийм хэмжээгээр нэмэх хууль батлахаар нийгэм хэр хүлээж авах бол.
Дээр нь Цэцийн гишүүний албан ёсны айлчлал, ёслол хүндэтгэлийн зардлыг төр даана. Цэцийн гишүүнийг үл хүндэтгэвэл хатуу хариуцлага хүлээлгэнэ. Албан тушаалтныг огцруулна, баривчлана гэсэн заалт байна. Хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно гэнэ. Цэцийн гишүүнтэй маргачихвал ажлаасаа халагдаад, баривчлагдах нь л дээ. Би үүнийг сүржин, цагаа олоогүй төсөл гэж бодож байна.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа: Үндсэн хуулийн Цэц үгээр хөөцөлддөг гэдэг сонин яриаг хэн гаргаад байдаг юм, ингэж яриад байх юм. Үндсэн хууль 5977 үгтэй. Энэ үгийг л Цэц хамгаалж байдаг. Мөн 327 тоо, 471 таслал, 625 цэгтэй. Би жишээ хэлье л дээ.
Ардын их хурлаас Үндсэн хуулийг анх батлаад “Ардын төр” гэдэг сэтгүүлд нийтэлж, энэ нийтэлсэн хувилбарыг бусад нь дагана гэсэн юм. Гэтэл анх “Ардын төр” сэтгүүлд нийтлэхдээ таслал алдаж гарсан. Тиймээс анхны эхтэй тулгаж үүнийг Цэц залруулсан. Цэгийн асуудал Үндсэн хуулийн Цэцээр орж байсан юм. Тиймээс Цэц үгээр хөөцөлддөг газар мөн. Бид хууль тайлбарлахдаа хууль тогтоох байгууллага биш хууль хэрэглэдэг Үндсэн хуулийн шүүхийн ажил гэж ойлгож ажлаа хийдэг.
Цалин, хангамжийн тухайд учиргүй их мөнгө нэмсэн юм байхгүй. Цэцийн дарга, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, гишүүдээс үндсэн цалин нь таван хувийн илүү байна гэсэн тоо л байгаа. Цэц их сургууль, Дээд шүүх дээд сургууль гэдгийг хэн ч ойлгодог болсон. Хэдийгээр адилхан шүүх ч арай өөр статустай' Гэтэл Цэцийн дарга 1.5 сая төгрөгийн цалинтай бол Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 3.3 саяын цалин авдаг. Танхайн хэрэг шийддэг дүүргийн шүүгч 2.7 сая, Цэцийн гишүүн 1.4 сая төгрөгийн цалин авч байна.
Цэцийн гишүүнийг төрийн өндөр дээд албан тушаал гэж хуулиараа тогтоосон хэр нь өнөөдөр ийм цалин авч байгаа. Бид цалин горьдоод байгаа юм биш. Энэ хуулийн төсөл Амарсанаад зориулсан ч юм биш. Цэцийг бэхжүүлэхтэй холбоотой асуудал. Насны тухай нэмж хэлье. Өнөөдөр 25 нас хүрсэн бол УИХ-ын гишүүн, шүүгч болдог. Харин 40 нас хүрч байж Цэцийн гишүүн болдог. Дэлхийн жишиг 60-70 нас руу явж байна. Тиймээс дэлхийн жишигт ойртуулъя гэж байгаа юм.