Хувь эзэмших үү, нөөц ашигласны төлбөр авах уу
2015.06.17

Хувь эзэмших үү, нөөц ашигласны төлбөр авах уу

Эсрэг тэсрэг байр суурь

С.Одонтуяа: Эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/ 

Нийгэмд зөв ойлголт өгөх талд Засгийн газар сайн ажиллах хэрэгтэй байна. Өнөөдрийн Монгол Улсын хөгжил нь том том уул уурхайн төслүүдээ хөдөлгөсний хүч шүү дээ. Тусгай хамгаалалтад авах хэсгийг аваад, эдийн засгийн эргэлтэд оруулахыг оруулах хэрэгтэй. Газрын баялаг бол ард түмний өмч. Бид газрын баялаг ашигласны төлөө төлбөр авна гээд заачихсан байгаа. Ашигт малтмал ашигласныхаа төлбөрт улсад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өгдөг гэдгийг хүн бүхэн мэдэж баймаар юм. Үүнийхээ дараа аж ахуйн үйл ажиллагаа жинхэнэ ёсоор эхэлж байгаа юм. 

Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг УИХ-ын гишүүд ярилцаж байгаад оруулсан. Ашигтай ажилласан ч бай, ашиггүй ажилласан ч бай нөөц ашигласны тусгай роялти авахаар болсон. Одоогийн хувилбараар нөөц ашигласны тусгай роялти нь илүү байгаа юм. Нөхцөл байдалдаа тааруулаад шинэ дэвшилтэт, уян хатан, улсдаа ашигтай хувилбар гаргаж ирж байгаа нь зөв. Ноён уулын булшны эргэн тойрны асуудлыг УИХ-ын хэдэн гишүүн санаачлаад тусгай хамгаалалтад авахаар хуулийн төсөл өргөн барьсан. Бид түүхийн дурсгалыг хүндэтгэж хандах ёстой. Нөгөөтэйгүүр орон нутагт нэлээд олон нинжа байгаа. 

Нинжа нарыг бид ад үзээд хөөгөөд байхгүй. Энэ нь өөрөө нийгмийн үзэгдэл. Нинжа нартай бичил уурхайн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах ёстой. Бид өөрсдөө хөгжиж, гаднын хүмүүсээс давж сэтгэх хэрэгтэй. Гаднынхан бурхан ч биш, чөтгөр ч биш. Адилхан л ашиг хайж яваа хүмүүс. Уул уурхайн ордуудаа бид үнэ цэнэтэй болгох нь зөв. Мөнгө орж ирнэ гэдгээр хэмжиж болохгүй. Нутгийн иргэд, бичил уурхайнхан, орон нутгийнхантай хамтарч ажиллах хэрэгтэй. 

Р.Жигжид: Засгийн газрын санал ашигтай, ашиггүйгээс хамаарч төлбөрөө авна

/Уул уурхайн сайд/ 

Бидний харж байгаагаар эдийн засгийн эргэлтэд хамгийн хурдан орох, дээр нь хурдан валют болох ашигт малтмал бол алтны ордууд юм. Тийм учраас Засгийн газар алтны ордод илүү их ач холбогдол өгсөн. Тийм учраас бэлтгэгдсэн ордуудаа эрэмбэ дараатай оруулах гол чиглэлийг барьж байна. Гацууртын ордоос төр хэдэн хувийг эзэмших вэ гэдгийг тогтоох асуудал байгаа.  Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон стратегийн ордын тухайд төр 34 хүртэлх хувийг эзэмшинэ гэж заасан. Хуулиар олгосон 34 хувийг эзэмшихийн тулд тэр хэмжээнийхээ хөрөнгө оруулалтыг хийх ёстой. 

Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын төсөлд хүчин төгөлдөр хуулийн хамгийн дээд хязгаараар санал болгож байгаа. Гэхдээ үүнээс илүү боломж бий. Өөрөөр хэлбэл, тус ордод төр хувь эзэмшихийн оронд түүнээс багагүй хэмжээний мөнгөн урсгалыг Монголд оруулахын тулд стратегийн ордын тусгай төлбөр аваад явах нь илүү ашигтай гэж харж байна. Төр ордод хувь эзэмшинэ гэдэг бол эхлээд хөрөнгө оруулалт хийнэ. Хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл авна. Авсан зээлээ эргүүлж төлнө. Эцэст нь ногдол ашиг авна. Ногдол ашиг гаргахын тулд үйл ажиллагааны зардлуудыг хасаж, хамгийн сүүлд нь ашгаа хуваах тухай ярина. 

Тэрний 34 хувийг манайх авах ажил үе шаттайгаар явна. Тэгэхээр хугацаа хэрэгтэй. Бидний хийж байгаа тооцоогоор долоо дахь жилээс ашгаа өгнө. Засгийн газраас санал болгож буй хувилбар бол тэр компани ашигтай, ашиггүй ажилласнаас хамааралгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан орлогоос хувь авах юм. Энэ тохиолдолд эрсдэл багатай, Монголын хувьд. Одоогийн тооцоогоор 265 сая ам.долларын тусгай төлбөр авах тооцоо бий. Хэрвээ 34 хувиа аваад явах юм бол 254 саяам. долларын өгөөж Монголд оногдоно гэсэн эдийн засгийн тооцоо гарсан.

Г.Уянга: Бид хувиа эзэмших ёстойГ.Уянга: Бид хувиа эзэмших ёстой

/УИХ-ын гишүүн/ 

Та нар яагаад иргэдийг дорд үздэг юм бэ.  Иргэдтэй уулзахад 100 хувь эсрэг саналтай байна лээ. Ямар хүмүүс очиж судалгаа хийдэг юм. Эсэргүүцэж байгаа хүмүүс тусгай зорилготой байдаг гэдэг нь юу гэсэн үг вэ. Үүнийгээ тодорхой ойлгомжтой тайлбар. Иргэдийг гүтгэж, доромжилж болохгүй. Тэнд насаараа тоглож, тойрч өссөн, нутаг усаа гэх сэтгэлтэй хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг худалдагдсан гэж хэлэх гээд байна уу. Ямар тусгай зорилго ард нь байгаа гэж хэлээд байна. Үүнийгээ тодорхой болго.

Битүү хатуу үгээр хүнийг гүтгэж болохгүй. Бүх хуулиа гаднын компанид зориулж өөрчилдөг байж болохгүй. Ашигт малтмалын хуулийг өөрчилсөн. “Сентурагоулд”-д зориулсан өөрчлөлтүүд байна. Үүнд ямар ч гадны хөрөнгө оруулалт байх шаардлагагүй. “Сентурагоулд”-д чинь “Бороо гоулд”-аас ашгаа хийгээд явчихсан. Баяжуулах фабрикийг өмнө нь “Бороо гоулд”-д зориулж байгуулсан. Үр ашгаа авсан фабрик. Үүнийг дахиж нэмэлт хөрөнгө оруулалтаар тооцож байгаа гэсэн. Өнөөдрийг болтол үйл олон ордыг ашигласан. Эдийн засгийн үр өгөөж нь ганц нэг хүнд очсон, Монголын ард түмэнд очоогүй. Жишээлбэл, “Бороо гоулд”-аас 12 тонн алтыг Сүхбаатарын Батболд зүгээр л ачаад явсан. 

Төр Сүхбаатарын Батболдоос муу ухаантай байж болохгүй. Бид 34 хувиа эзэмшээд, түүнд оногдох 60-70 тонн алтаа авъя. Энэ бол хамгийн ойлгомжтой хувилбар.  Дээр нь цэвдгийн судалгаагаа хийлгэх хэрэгтэй. Хэдэн зуун мянган төрлийн эмийн ургамал байдаг гэж хүмүүс хэлж байна. Энэ бол Монголын төрд шууд ашигтай хувилбар биш. Бид хувиа үнэгүй эзэмшээд, оногдож байгаа баялгаа ашиглах хэрэгтэй.  Баялаг өөрөө ард түмнээр дамжаад төрд мэдэлтэй байх юм. Тиймээс энэ төслийг буцаагаад дахин оруулж ирэх хэрэгтэй.

Ц.Даваасүрэн: Төслөө буцааж татах нь зөв 

/УИХ-ын гишүүн/

Хууль эрхзүйн орчин харилцан үр ашигтай биш байгаа тохиолдолд ашиглаад явах юм.Энэ төслөө буцаагаад татчих хэрэгтэй. Өнөөдөр гаргаж байгаа баялгийнхаа хэмжээг тооцоод үзэхээр эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж байгаа.  Гэтэл яагаад өр зээл нэмэгдээд байна вэ. Өнөөдрийнх шиг ярьж байгаад л бүх төсөл явсан. Эцсийн дүндээ шалгуур нь амьдрал сайжирсан уу гэдэг ойлголт.

20 жил ам мэхээр хуурлаа. Одоо болсон л баймаар юм. Мөнгө нь орж ирдэггүй учраас бид өр зээлэндээ баригддаг. Амьдрал сайжирсан зүйл алга. Тийм учраас дахин дахин гарз гаргаад байх хэрэггүй.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр...УИХ-ын гишүүн Г.Уянгын хэлсэн үгэнд дурьдсанчлан хэн нэг гадны мөнгөтэй компани ороод ирэхээр хуулиа зориулж өөрчилдөг тогтолцоо манайд байж болохгүй юм. Харамсалтай нь манай улстөрчдийн хамгийн сайн хийдэг ажил нь энэ болчих гээд байгаа. Уул уурхайн салбарт анхаарал татсан гурван том асуудал УИХ-д гацаад байгаагийн нэг нь Гацууртын орд. Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд газар эдийн засгийн эргэлтэд орж байж л бид 2016 онд эдийн засгаа түүртэлгүй давж, ам.долларын ханшаа хэмжээнд нь хүргэж, улмаар 2017 онд төлөх их өрөө төлж чадах уу гэдгийг шийднэ гэсэн үг. Тиймээс энэ орд эдийн засгийн эргэлтэд орох уу, үгүй юу гэдгийг УИХ энэ хаврын чуулганаараа батлахаас ч өөр аргагүй. 

Гацууртын орд дээр бид хангалттай олон сар улстөржлөө. Монгол Улсын эрх ашигт нийцсэн хувилбар ч хувиа аваад явах бус нөөцөө ашиглуулсаны төлбөрөө авах гэдгийг Г.Уянга нарын гишүүд ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс энэ удаад Засгийн газраас оруулж ирсэн хувилбар төр хэн нэг компанид тал засч хуулиа өөрчилсөн биш харин ч өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэх гэсэн оролдлого гэдгийг ойлгомоор байгаа юм. Уул уурхайн яамны мэргэжилтнүүд Гацууртын ордыг эзэмших тухай яриа гарч, иргэд Ноён уулаа хамгаалах хөдөлгөөн өрнүүлэн тэмцэж эхэлсэн цагаас хойш тус хайгуулын ордод ажиглалт, судалгаа явуулсан гэдэг. Энэний дараа тэд Гацууртын орд Ноён уулд хамааралгүй, уул ямар нэг байдлаар хөндөгдөхгүй гэдгийг тогтоож, Засгийн газраас Ноён уулаа хамгаалалтад авах шийдвэр хүртэл гаргачихлаа. 

Тиймээс өнөөдрийн бодит байдалтай эх орончид маань эвлэрч, ордоо ашиглуулж төлбөрөө авах, орон нутгаа хөгжүүлэх гэрээг өндөр төвшинд бэлтгэн хэрэгжүүлэх асуудлыг л ярина гэсэн үг. Юм бүхнийг гацаах түгжих, өөрт ашигтай хувилбараар явуулах гэсэн явуургүй улстөржилтөөс бид ангижрах цаг нь болсон байна. Уул шугамандаа бол Гацууртын орд тийм ч улстөржих сэдэв биш байсан. Харамсалтай нь ард иргэдээс нэг оноо илүү авах гэсэн улстөрчид хаа хамаагүй Ноён уулыг Гацууртын ордод хамаатуулж ярьснаар иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл идэвхжиж, бөө тахилгын үйл хүртэл хийж “тэнэглэсэн”. Одоо энэ хийрхлээ зогсоох цаг нь болжээ, иргэдээ. 

Төр 34 хувийг эзэмшээд явж болно. Гэвч маргаашийн өөх хэрэгтэй гэж үү. Төрийн эзэмших 34 хувь хамгийн багадаа л 20 жилийн дараа ашгаа өгнө. Хэрвээ Центерра Гоулд ашигтай ажиллаж чадвал шүү дээ. Тэгээд ч хоёр толгойгоо хөдөлгөж чадахгүй суугаа төрд 34 хувьд хөрөнгө оруулалт хийх мөнгө нь байгаа бил үү. 20 жилийн дараа авна аа гэсэн хувилбараар хэдэн ч компанитай гэрээ хийж болно. Гагцхүү одоо төрд уул уурхайн лиценз болгоноос хувь эзэмшиж, хөрөнгө оруулалт хийгээд байх чадамж байгаа юу гэдгийг л бодох ёстой юм. Тиймээс Гацууртын орд дээр бол төр нөөц ашиглуулсны төлбөрөө 34 хүртэл авч, ордын ашигласан компани ашигтай, ашиггүй ажилласнаас үл хамааран төлбөрөө аваад явах нь зөв болов уу. Монгол Улсад Оюутолгой, Тавантолгой, Гацуурт шиг стратегийн ордууд чамгүй олон бий. 

Тэр болгонд дан ганц хувь эзэмших гэж улайрах нь эргээд улсын эдийн засагт эрсдэл ч учруулж мэдэх. Харин төрийн мөнгөөр хайгуул хийсэн бол хувь эзэмших, хувийн хэвшил нөөц тогтоосон бол тусгай төлбөр авах зарчмаар ажиллах л чухал биз ээ. Төрийн оролцоо хэтэрхий их байх тусмаа орд газрын хувь заяа хаашаа эргэдэг вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд бид Тавантолгойгоос харсан. Хэрвээ энэ ордыг барьцаалж бэлэн мөнгө авч халамж хэлбэрээр тараадаг харалган төр байгаагүй бол өдийд бид 1072 хувьцаанаасаа ашиг хүртээд суух байлаа.

Тиймээс Гацууртыг ч гэсэн Оюутолгой, Тавантолгойн араас явуулахгүй ашиг хүртэхийн тулд Засгийн газрын хувилбарыг УИХ хэлэлцэн дэмжихээс өөр сонголтгүй. Түүний дараа харин ашиг үнэхээр өгч чадаж байна уу, Центерра Гоулд ашигтай явуулж нөхөн сэргээлтээ хийж, мандалчуудын эрх ашгийг хангах уу гэдгийг ярихад оройтохгүй. Хэсэг улстөрч, хэдэн хүмүүсийн эсэргүүцлээр орд газрыг хэр удаан тэр чинээгээр улсын маань эдийн засаг сөхрөх нь. Тиймээс төр зарим тохиолдолд гаргасан шийдвэрээ хамгаалж сурах хэрэгтэй байна.