“Эрчүүд алт, нүүрс ярьдаг”
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Үүнийг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, "Ард түмний захиалгаар орж ирж байгаа хуулийг хэлэлцсэнгүй, асуудлыг албаар гацаалаа" хэмээн хуралдааны танхимыг орхин гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас зарим асуултад хариулт авлаа.
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр МАН-ын бүлэг завсарлага авчихлаа. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?
УИХ-д Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль олон жил яригдаж байгаа. Нийт саналуудыг нэгтгээд Ерөнхийлөгч өргөн барьсан. Энэ хуулийн төсөл дээр гишүүд ажиллаад анхны хэлэлцүүлэг бэлэн болоод өнөөдөр /өчигдөр/ байнгын хороогоор орох байсан ч хойшиллоо. Хаврын чуулган завсарлах дөхсөн энэ үед завсарлага авсан нь хаврын чуулганаар энэ хууль батлагдахгүй гэсэн үг.
Ирэх намар дахиад л сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал үүснэ. МАН-ын бүлэг завсарлага авсан үндэслэлээ стандарт нь тодорхойгүй байна гэж тайлбарласан. Стандартыг хуульдаа оруулчихсан байгаа. Стандарт байна, Засгийн газраас тусгай журам гаргана, бүх хяналтаа тавина, хүнээ сургана гээд журам нэлээн нарийн гарна.
Нөгөө талаас стандарттай, стандартгүй хүүхдээ өөрсдөө гэртээ хараад өсгөж хүмүүжүүлээд л ирсэн. Сүүлийн хугацаанд 10 гаруй хүүхэд гэртээ цоожтой байж байгаад түлэгдээд, аваар осолд орж амиа алдлаа. Энэ бүхэнд эрчүүдийн сэтгэл зовохгүй байна. Тоглоом тохуу болгоод байгаа учраас бид хурлыг орхиж гарсан. Ер нь хүүхэд харах үйлчилгээ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дунд хэрэглээд ирсэн ийм хууль эрх зүйн орчин.
Бид үүнийг Монгол Улсад нэвтрүүлье гэсэн зорилготой ажиллаж байна. Эрчүүд бол “Хүүхэд гаргаад бай, гаргаад бай, олуулаа больё” гэдэг. Гэтэл хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал чинь хангагдахгүй байна. Эрүүл төрж чадахгүй байна. Эрүүл хүүхдээ өсгөж чадахгүй байна. Цэцэрлэг, сургууль олдохгүй байна. Тийм учраас энэ зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал биш нийгмийн асуудал.
-Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр ер нь эхний ээлжинд хичнээн төгрөг шаардлагатай байна вэ. Их хэмжээний мөнгө зарцуулна гээд гишүүд хойрго хандаад байна уу?
“50 тэрбум төгрөг хэрэгтэй. Тэрийг чинь өгөх мөнгө байхгүй” гэж байгаа юм. Бид 50 тэрбумыг нэхээгүй. Таван тэрбум байхад эхний жилдээ бололцоотой гэсэн. Хууль батлагдана, сурталчилна, хүмүүсээ сургалтад хамруулна, стандартаа батлана, дүүрэг өөрөө хүмүүсээ сонгон шалгаруулна.
Бүх хүнд хавтгайруулаад өгчихгүй шүү дээ. Тэгээд энэ чинь өөрөө хөрсөн дээрээ буугаад хэрэгжээд эхлэх хүртэл ядаж таван тэрбумаар эхэлж байя гэсэн санал тавьсан. Таван тэрбум төгрөг гэдэг бол таван км замын мөнгө. Гурван мянга, дөрвөн мянган хүнтэй суманд эд нар чинь сонгуулиа дөхөхөөр найман тэрбумаар Соёлын төв барьдаг.
Тэгсэн хэрнээ Монголын нийт хүүхдэд тавхан тэрбум төгрөг өгчихөөч гэхээр мөнгө байхгүй гэсэн зүйл ярьж байна. Хүүхэд, гэр бүлийн асуудал УИХ дээр дандаа хойш хаягддаг. Нөгөө л нүүрс, алт, мөнгөө ярьдаг. Тийм учраас бид хүүхэд, гэр бүлийг дэмжих лобби бүлэг гэж байгууллаа. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар бас хамтарч ажиллъя, хууль эрх зүйн орчин дээр анхаарал тавья, хурдлуулья гэсэн зорилготой.
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар ажлын байр нэмэгдэх үү?
Судалгаа хийлгэсэн. Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр 30 мянган хүн шинээр ажлын байртай болно. Ахмадууд, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд ажил олоход хүнд. Эдгээр хүмүүс ажлын байртай болно. Хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүйгээс гэртээ сууж байгаа 60 мянган хүн ажилтай болно. гэсэн судалгаа гарсан.
Зарим хүмүүс цэцэрлэгээ л барихгүй юу гэдэг Өнгөрсөн гурван жилд төсвөөр зөвхөн цэцэрлэг барилаа. Тэгсэн хэрнээ хүрэхгүй байна. Дахиад нэг судалгаа хийлгэсэн. 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны 1750 обьект хэрэгтэй гэж байгаа юм. Тэгэхээр тавхан жилийн дотор үүнийг барьж чадахгүй. Энэ хүмүүсийг барьж чадахгүй ээ гээд хүүхдийг гэрт нь орхиод явах биш гурваар нь таваар нь хардаг нөхцлийг бий болгох ёстой.
Зарим гишүүд шүүмжлэхийн дон тусчихсан. “Наадах чинь хүний хүүхдийг аваад яах ч юм билээ” гэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ харуулах хүнээ өөрсдөө сонгож, гэрээ байгуулна. Гэрээний загвар стандартыг батлаад өгнө. Ингээд өөрийнхөө ээж, найз, хамаатан саднаар харуулах боломжтой. Хөдөө орон нутагт бас л хэцүү. Малаа дагаад явах болдог. Хүүхдүүд нь гэртээ эзэнгүй үлддэг. Асуудал их байна.
Бодвол завсарлага авсан гишүүдийн хүүхдүүд нь үнэтэй хувийн цэцэрлэгт явдаг л байх л даа. Ер нь манай эмэгтэй гишүүд УИХ дээр хамгийн идэвхитэй ажилладаг. Бүх л ажлын хэсгүүдэд орж, санал боловсруулах, ирц бүрдүүлэх гээд бүх зүйл дээр л эмэгтэй гишүүд явдаг. Өөрсдийн ганц хууль дээр маань завсарлага авчихаар цаг тулгамдсан үед аюултай байна л даа.