Хамгийн дэгжин нь З.Баянсэлэнгэ
УИХ-ын гишүүн Д.Арвин, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа нар
2015.06.17

Хамгийн дэгжин нь З.Баянсэлэнгэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авсантай холбогдуулан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. 

Д.Арвин, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа нар зэрэгцэн зогсож байгаад мэдээлэл хийсэн нь төрийн ордонд бараг л анх удаагийн шахуу тохиолдол болж, сэтгүүлчид байтугай тэр хавиар явж байсан хүмүүст сонирхолтой санагдсан юм байлгүй эргэж хараад байна лээ. Сүүлийн хоёр, гуравхан хоногт жинхэнэ ёсоор зун болж, Улаанбаатарын хүүхнүүд хувцасаа нимгэлэн гоо үзэсгэлэнгээ жинхэнэ утгаар нь харуулж байгаа. Тэгвэл төрийн ордонд хууль зохиосон шиг суудаг эрхэм гишүүн хүүхнүүд ч тод ганган төрхөөрөө байнгын хороо болон чуулганы хуралдааны танхимыг чимж, ихэд өнгөтэй сууцгаах болсон.

Өчигдөр ордны хонгилд мэдээлэл хийсэн дөрвөөс хамгийн тод, дэгжин төрийн түшээгээр З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа хоёр өрсөлдөж ялимгүй давуугаар З.Баянсэлэнгэ гишүүн “Хамгийн дэгжин” төрийн түшээгээр шалгарав. Гэхдээ энэ бол үүнийг тэрлэгчийн дүгнэлт бус, тэдний мэдээллийг сонсож зогссон ордны сурвалжлагч хүүхнүүдийн үнэлгээ гэдгийг хэлэх нь зөв болов уу.