Өгий нуурын Өнгийг "Засна"
Өгий нуур
2015.06.17

Өгий нуурын Өнгийг "Засна"

Саяхан тэнгэрийн орноо заларсан, ОХУ-ын нэрт зохиолч Валентин Распутин Байгал нуурыг хамгаалах хөдөлгөөн өрнүүлсэн.

Түүний эхлүүлсэн хөдөлгөөн олон улсын чанартай үйлс болж, Япон, Америк, хуучнаар ЗХУ-ын нэр зохиолч, сэтгүүлчдийн анхны уулзалт Байгал нуурт болсон түүхтэй. Тэгвэл Арменийн Севан, Японы Бива нуурт үргэлжилж, байгаль эхээ хайрлах уриалга дэвшүүлж байв. Ийм уулзалтыг манайхан Хөвсгөл нуурынхаа эрэгт зохион байгуулж байсан удаатай. Распутиний хөдөлгөөнийг Монголын залуу зохиолчид Архангай аймагт өртөөлүүлэв.

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн залуус хатан Өгий ээжийн эрэг дээр “Өгий цом” яруу найргийн наадмыг анхлан зохион байгуулж буй нь энэ. “Өгий цом” нь Өгий нуураа хайрлах, хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах сэдэл төрүүлэх алхам юмсанж. Орхоны хөндийн чимэг болсон, олон хүн бууж мордох дуртай энэ нуурын “онго” сүүлийн жилүүдэд доройтож буйг нүдээр үзэж байна.

Үзээгүй нь сонин хэвлэлээс уншиж байгаа. “Өгий нуурын ус татарч байна”, “Ус нь бохирдоод шувууд ирэхээ болилоо”, “Загас нь багаслаа” гэх мэдээг та сонссон л байх. Чухамдаа чандмань эрдэнэ болсон нуураа хайрлахыг яруу үгсийн эзэд шүлгээрээ санууллаа.

Ардын уран зохиолч Т.Галсан, П.Бадарч, Д.Цоодол тэргүүтэй 24 яруу найрагч шүлгээ уншиж мялаалга өргөлөө, зарим нь уралдав. Тэнд ардын уран зохиолчдоос гадна Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ж.Баяржаргал, Н.Гантулга, Л.Моломжамц нарын “Болор цом” эзэн морилон саатсан. “Аваргууд”-аас Ж.Баяржаргал, Л.Моломжамц нар бусад 14 найрагчтай “Өгий цом”-ын төлөө өрсөлдсөн юм.

Тунаж үлдсэн найрагчид наадмын нэгийн даваанд хатан Өгий ээжийг магтан дуулсан шүлэг уншив. Наадмын сүүлийн шатанд дан.Нямаа, Б.Баттулга, Л.Моломжамц, Л.Ганзул, П.Нямлхагва нар тунаж үлдлээ. Тэд эх орноо хайрлан хамгаалахыг уриалсан сэдэвтэй шүлэг уншиж, “Өгий цом”-ын төлөө өрсөлдсөн.

Наадамд Л.Моломжамц манлайлж, П.Нямлхагва удаалж, Л.Ганзул, Б.Баттулга, Дан.Нямаа нар шил дарав. Утга зохиолын уг нэгдщщн тэргүүн нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат аж. Тэрбээр төрж өссөн нутаг Архангайнхаа иргэдийн саналыг сонсох зорилготой “Бид хамтдаа” аян эхлүүлэхийн ялдамд “Өгий цом” наадмыг зохион байгуулаад амжив. Ж.Мөнхбат ч “Болор цом”-ын эзэн яруу найрагч гэдгийг монголчууд мэднэ.

Тунаран мэлтрэх Өгий нуурын хөвөөнөө түүнийг магтан дуулсан уран үгсийг сонсох ахуйд Монголын бүх нуур усыг хамгаалах олон нийтийн аян өрнөөсэй гэж бодогдоно. Архангайнхан Өгий нуураа үргэлж бүсгүй хүнтэй зүйрлэн хайрладаг. Энэ сэтгэлгээ нь хайраасаа хагацсан бүсгүйн нулимс мэлмэрсээр нуур болон тогтсон гэдэг домгоос үүдэлтэй. Тиймдээ ч бүсгүй хүн Өгий нуурт хөл дүрэхийг цээрлэдэг билээ.

“Шинэ мянган” нэгдлийнхэн Архангай аймгийн залуустай нэгдэн “Өгий” сан байгуулжээ. Үүгээр дамжуулан Өгий нуурыг хамгаалах үйлсээ үргэлжлүүлэх юм байна. Тус сангийнхан өнгөрсөн хавар Өгий нуурын эрэгт 1000 мод тарьж, усалгааны тоног төхөөрөмж суурилуулжээ. “Өгий цом” наадмын үеэр яруу найрагчид болон Архангай аймагт “Бид хамтдаа” аяныг эхлүүлж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, О.Содбилэг нар нэмж тарих 1000 модны эхний 100- г суулгав.

Улмаар ‘‘Өгий төгөл”-ийг нээх үйл ажиллагаанд оролцлоо. “Өгий” сангийн залуус Өгий нуурын эрэгт жил бүр 4000 мод тарихаар төлөвлөжээ. Тэд нуурын эргийг бүрэн эмжсэн төгөлтэй болох зорилготой аж. Мөн нуурын усны түвшинг нэмэгдүүлэхээр Орхон голоос 10 км суваг татах ажлыг эхлүүлсэн байна.

Орхон, Тамир гол, Суман Чулуут голын бэлчирт тул загас үзэгдэх нь багасчээ. Тиймээс тус сангийнхан эдгээр голын бэлчирт загас үржүүлэх станц барихаар төлөвлөсөн байв. Тул загас 10-34 мянган түрс шахдаг бөгөөд үүний багахан хувь нь л бие гүйцдэг аж. Түрсний дийлэнх . жарамгай болж амжаагүй байхдаа байгалийн жамаар амьтны хоол болдог гэнэ. Тулын түрсийг бойжуулан жарамгай болсных нь дараа усанд тавибал 80 хувь нь бие гүйцэх магадлалтай аж. “Өгий” сангийнхан Орхон, Тамирын, Суман, Чулуут голын бэлчирт тул болон улаан сүүлт загасны 60 мянган жарамгай тавих гэнэ.

Архангай нутгийн хамгийн том нуур нь Өгий, Тэрхийн цагаан юм. Тэрхийн цагаан нуурын ус татарч, бохирдож буйг нутгийн иргэд дуулгаж байлаа. Нуурыг тэтгэдэг Урд, Хойд Тэрхийн голын усны түвшин багассаар байгаа аж. Нуураас эх авдаг Суман голын ус ч бохирдож байгаа гэнэ. Цагаан нуурт загас ч ховорджээ. ‘Тэрхийн цагаан нуураас загас барихад хэцүү болсон” гэж нутгийн иргэн Д.Ганзүрх ярьсан. Нуур усаа хамгаалах дараагийн хөдөлгөөн Тэрхийн цагаан нуурыг зорих биз ээ.