"Аж үйлдвэрийн парк" гэх үг сонгуулийн нэрийн хуудас болчихож
МАН-ын “Морин цаг" мэдээллийн цагаар АН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гишүүн мэдээлэл өглөө.
Д.Хаянхярваа гишүүний хэлснээр "Ардчилсан намын Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрт Уул уурхайн ордуудын түшиглэн байгуулах Монголын талын орлогыг 51 хувиас бууруулахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж зорьсон ч өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй л байна.
Гэтэл өнөөдөр төр ихдээ 34 хувь, эсвэл төр эзэмшихгүй байх тухай маргалдааныг өрнүүлээд байж байна. Үүн дээр дүгнээд хэлэхэд Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг хянах байгууллага хэрэгтэй гэж бодогдож байна” гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн аж үйлдвэрийн парк байгуулах тухай “АН-ын мөрийн хөтөлбөрт Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн. Гэтэл одоо алга. Ердөө улсын төсвөөс 17 тэрбум төгрөг зарцуулснаас өөр байхгүй. Түүнчлэн уламжлалт мал аж ахуй талаарх бодлогод нь аймаг бүрд дэлхийн стандартад нийцсэн махны үйлдвэр барьж жилдээ махын экспортыг 30 мянган тонноос доошгүй хэмжээнд хүргэнэ гэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар ийм үйлдвэр нэг ч баригдаагүй” гэв.
Түүнчлэн сүүлийн 12 жилд намууд сонгуулийн хөтөлбөртөө "чөлөөт бүс" байгуулах тухай үргэлж ярьдаг гэв. Энэ хугацаанд 35.5 тэрбум төгрөгийг зарцуулсан аж.
Үүнд:
Цагаан нуурийн чөлөөт бүс 3.9 тэрбум
Алтанбулагийн чөлөөт бүс 21.7
Чойрын чөлөөт бүс 1.8
Замын үүдийн чөлөөт бүс 8.1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Гэхдээ жинхэнэ утгаараа чөлөөт бүсийн үйл ажиллагаа явуулж буй газар байхгүй гэдгийг онцоллоо.
Харин тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа
Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар ярилаа. Гэтэл танай нам сөрөг хүчний байр сууриас хандаад байвал нөгөө намаас ёс зүйн хариуцлага тооцох тухай ярьсан ?
Бид бол хамтарсан засгийн газар байгуулсан ч мөрийн хөтөлбөр гэж байгуулаагүй.Өөрөөр хэлбэл бид хамтарсан учраас засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хүчингүй болгоод шинээр мөрийн хөтөлбөр батлуулах ёстой гэхэд бид мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гээд Эдийн засгийн тогтоол гаргасан. Тэгэхээр 2012 онд батлагдсан мөрийн хөтөлбөр үргэлжилж байгаа гэж ойлгож байна.
Гацууртын ордод танай намын бүлэг Төр хувь эзэмших шаардлагагүй гэж байсан. Одоо байр суурь чинь өөрчлөгдөөд байх шиг байна ?
Бидний байр суурь өөрчлөгдөөгүй. Төрийн 34 хувийг бид эзэмшиж байгаа бол үнэгүй байх ёстой. Аль эсвэл татварынхаа хэмжээг 5-6 хувь болгож нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа.
Тэгэхээр МАН мөнгө тараадаг, АН үйлдвэржилтийг дэмждэг гэсэн мессеж нийгэмд яваад байна. Тэгж мөнгө тараахын оронд үйлдвэржилтийг дэмжээд ажлын байраа нэмэгдүүлчихсэн бол хамаагүй дээр байсан юм биш үү ?
Өмнө нь хамтарсан засгийн газрын үед хоёр удаагийн үйлдлээр мөнгө зээлсэн. Оюутолгойгоос 250 сая, Чалкогоос 300 сая долларын зээл авсан. Үүний 500 орчим сая төгрөгийг нь намуудын мөрийн хөтөлбөрийг хангахад зориулж нийт ард иргэддээ тарааж өгсөн.
Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, эргээд худалдаа болон үйлдвэр үйлчилгээгээ дэмжих том дэмжлэг болсон. Үүний хамгийн том нотолгоо нь 2012 гэхэд эдийн засгийн үзүүлэлт 17.4 хувьд хүрсэн явдал.
Тэгэхээр тухайн үед хэрэгжүүлж байсан эдийн засгийн бодлого зөв байжээ гэдгийг харж болно. Гэтэл сонгууль дөхсөн үед “Тэд тараагаад дууссан. Бид аж үйлдвэрийг дэмжсэн” гэж ярьж байна. Харин АН-ын засгийг барих үед авсан зээлүүдийг зөв зүйтэй зарцуулсан бол өнөөдөр эдийн засгийн үзүүлэлт 4 хувь хүртлээ буурахгүй байх байсан.
Та бүхэн хэрэглээг хэт дэмжсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх үү ?
Бид хэрэглээг дэмжээгүй. Ер нь ард иргэдийн худалдан авах чадвар сайн байж үйлдвэрлэгчдийнхээ дэмждэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Олсноо тараагаад дууссын биш үү ?
Олсоноо тараасан, бас бүтээн байгуулалт уруу оруулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Ер нь нам яах гэж мөрийн хөтөлбөр гаргадаг юм. Ард түмнээ хуурах гэж үү. Нэгэнт гаргасан бол хэрэгжүүлэх л хэрэгтэй.
Хэрвээ мөрийн хөтөлбөртөө ийм хэмжээний мөнгө өгнө гэсэн бол түүнийгээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ зарчмын үүднээс бид хөтөлбөрөө хэрэгжүүлж цалин тэтгвэрээ ч гэсэн 2.5-3 дахин нэмэгдүүлэх гэсэн бүх зүйл хэрэгжүүлсэн