"Зарчим" ярилгүй ажлаа хий л дээ
Төрийн байгуулалтын байнгын хороо
2015.06.17

"Зарчим" ярилгүй ажлаа хий л дээ

Дуртай цагтаа ажилдаа явж, дуртай цагтаа тасалдаг хэдэн нөхдүүд монголд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.

Ямар сайндаа л Ерөнхийлөгчийн зүгээс Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж он гарсны дараа гишүүдийн цагийг бүртгэж олон нийтэд дэлгэдэг болоод ч нэмэр алга. Тасалсан хэвээр л.

Байнгын хорооны хуралдаандаа хүртэл утасдуулан байж ирдэг нөхдүүдийг яалтай билээ. Тэгсэн хэрнээ өөрсдийнх нь сонирхол, эрх ашигт нийцсэн хуулийг бол шөнөжингөө хэлэлцэж байгаад л баталдаг.

Өөрт нь  наалдацгүй бол горимын санал гаргах, аль эсвэл ямар нэг шалтаг гаргаж ирээд л хойшлуулчихдаг хэв маяг өнөөдрийн парламентад тогтсон гэхэд хэлсдэхгүй. Үүнийг баталсан зүйл өчигдөр боллоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МУ-ын ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан “Нийтийн сонсголын тухай хууль” хэлэлцэх байсан гишүүдийн хүсэлтээр дараагийн долоо хоног руу шилжүүллээ. Шалтгаан нь хуулийн төсөлд заасан “Мөрдөн шалгах сонсгол”- тухай заалт аж. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ажлын хэсэг дээр нэг асуудлаас бусад бүх асуудлыг нь яриад дуусчихсан. Саналаа ч гэсэн хураачихсан. Тиймээс миний хувьд сонсголын тухай хуулийг хэлэлцэх хэрэгтэй, ингэж сунжрах хэрэггүй. Гэхдээ асуудал болоод байгаа зүйл заалтад байгаа “УИХ-ын гишүүн болон хууль зөрчсөн албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааг тогтоох гэсэн” өгүүлбэрийг хасах хэрэгтэй гэсэн ойлголтод хүрсэн.

Харин тодорхой үйл ажиллагаа, баримтыг УИХ дээр татаж авч хэлэхцэх эрх бол ИХ-даа байх ёстой. Үүнийгээ хэрхэн томъёолох юм бэ гэдгийг хоёр хувилбараар ярилцсан. Үүнд нь уг хуулийн төсөлд мөрдөн шалгах алба гэснийг бүр мөсөн хасах эсвэл байвал хэмжээ хязгаар нь ямар байх вэ гэдэг ойлголцолд хүрэх гэсэн хувилбаруудыг ярих хэрэгтэй.

Харин санал нэгдсэн нөгөө сэдвүүдийг нь ярилцаад явбал зүгээр биш үү. Дахин дахин хуралдаж байснаас . Тиймээс мөрдөн шалгахаас бусад саналаа хэлэлцчихвэл яасан юм” гэдгийг Нийтийн сонсголын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч гаргасан ч МАН-ын бүлгийн талаас Н.Энхболд гишүүн өөр горимын санал гаргалаа.

Тэрээр “Өнөөдөр хураасан, дараа хураасан ч ялгаагүй ш дээ. Хэрэв бид зармаа баривал ажлын хэсэг дээр нэгдсэн дүгнэлтээ гаргачихаад хэлэлцвэл илү зөв байх. Тэгэхгүй бол нэг нь их шахаад байгаа юм шиг, нөгөөх нь гаргахгүй гэсэн зүйл гаргаж байгаа мэт харагдаад байна. Ямар ч ялгаа байхгүй шүү дээ” гэлээ.

Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Завсарлах хугацаа дөхчихөөд байна. Тиймээс Х.Тэмүүжин гишүүний саналыг дэмжээд хэлэлцвэл дээр биш үү” гэж хэлэхэд Н.Энхболд гишүүн “Өшөө олон чухал хууль байна шүү дээ даргаа” хэмээн хэллээ.

Ингээд горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулж нийт гишүүдийн олонхи дэмжсэн учраас дараа долоо хоногт хэлэлцэхээр тохирлоо. Байнгын хороогоор өөр хэлэлцэх асуудал байхгүй учраас өнөөдрийн хуралдаан тарлаа.

Ер нь ингэж ажиллах ёстойн болов уу. Мөн энэ өдөр Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан товлогдсон байсан ч мөн  ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Байнгын хороо болон чуулганы хуралдаанд эмэгтэй гишүүд суухгүй гэдгээ мэдэгдсэн нь ийнхүү ирц хүрэхгүй байх шалтгаан болж байгаа бололтой.

Ийнхүү УИХ-ын дахь байнгын хороод хэлэлцэх асуудлаа унагадаг, эсвэл ирцээ бүрдүүлж чаддаггүй, УИХ-д ороод ирэхээр унасан ч эргэж сэргээж байгаад санал хураачихдаг түгээмэл үзэгдэл бий болчихлоо. Яана даа, яана. Хэн тэгээд ажил хийх болж байна вэ гишүүд ээ