МАН гацууртын ордыг хэлэлцэх асуудлыг хойшлуулав
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.06.10

МАН гацууртын ордыг хэлэлцэх асуудлыг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хойшлуулах санал гаргалаа. Ингээд дээрх тогтоолын төслийн хэлэлцүүлэг долоо хоногоор хойшиллоо.

Тиймээс Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай УИХ-ын тогтоолын' төслийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт багтаан шийдэх боломжгүй болж байгаа юм. Чухам ямар асуудлаар хойшилсон талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодрууллаа.

-Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг ямар шалтгаанаар хойшлуулав?

МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулаад тодруулах зүйл байна гэсэн үндэслэлээр хойшиллоо.

-Тухайлбал ямар асуудлыг тодруулна гэж байгаа юм бэ. Тодруулах гэдэг асуудлын цаана юу байгаа бол?

Ажлын хэсэг дээрээ нарийн сайн ярих байх. Тодруулах гэдгийн цаана Гацууртын ордын 34 хувийг төр эзэмших гэдэг дээр өмнө нь 20 хувь ч юм уу эзэмшиж болно, хувийн хэвшилд хариуцуулаад явах уу гээд хойшилж байсан.

Одоо бол хуулиараа 34 хувийг төр эзэмшинэ гэж байгаа болохоор заавал 34 хувь шаардлагатай юм уу гэдэг дээр зарим зүйлийг тодруулж, судална. Мөн түүхийн үнэт дурсгал, археологийн олдвор гээд олон зүйл яригдаж байгаа. Энэ бүхэн дээр нарийн судалж ярилцана.

-Яаралтай горимоор оруулах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд та юу гэж бодож байна вэ?

Намын бүлгүүд ярилцаад ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа учраас хойшлуулахаас аргагүй. Ирэх долоо хоногоос хэлэлцээд явна.

-Тавантолгойн гэрээний төслийг ярилцаагүй байж Гацууртын ордыг ярих нь хэр зүйтэй вэ?

Засгийн газар эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй энэ үед томоохон төслүүдээ явуулна гэж байгаа байх.