Ажлын хэсэг Таван толгойн гэрээний дүгнэлтийг энэ долоо хоногтоо гаргах байх
УИX - ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.
-Таван толгойн гэрээг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг УИХ-аас байгуулагдсанаас хойш бараг хоёр сар боллоо. Ажлын хэсэг асуудлыг аль түвшинд хэлэлцэж байна?
Таван толгойн гэрээг судлах дэд ажлын хэсэг олон удаа хуралдсан бол үндсэн ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хоёр удаа хуралдсан байна. Өнөөдөр (өчигдөр) гурав дахь хурлаа хийх байсан ч хараахан ирц бүрдсэнгүй. Ерөнхий явцын хувьд гэвэл удирдамжаар 14 асуудалд дүгнэлт гаргах даалгавартай. Тэр бүхнийг судалсны эцэст дүгнэлтээ гаргана. Одоохондоо бэлэн болоогүй байна. Зарим мэдээлэл нь Засгийн газраас ирээгүй байгаа юМ" билээ. Энэ хугацаанд УИХ, Засгийн газар, нам эвслүүд асуудлыг ярилцаж байгаа байх.
Тэгээд ч зөвхөн ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр гарцыг тодорхойлно гэхгүй байх. Учир нь том төслийн хувь заяаг ажлын хэсгийн хэдэн гишүүн тодорхойлоод бусад нь дагана гэж би хувьдаа үзэхгүй байгаа. Тийм ч учраас асуудлыг тал талаасаа нухацтай ярих ёстой байна. Үндэсний аюулгүй байдлын гишүүд, УИХ дахь нам эвсэл, гишүүдийн байр суурийг тодорхойлон судлаад аль болох зөв гарцыг олох шаардлага байгаа.
-Анхаарал татсан ямар асуудал байна вэ. Ажлын хэсэг энэ хугацаанд яг юу амжуулсан юм?
Анхаарал татсан асуудал гэвэл нэмэлт хайгуул явуулах замаар ордын хэмжээг тэлэх асуудал хэр зохимжтой вэ, “Энержи ресурс” компани нь Цанхийн зөвшөөрөл бүхий газрыг барьцаалан зээл авч болох уу гэдэг асуудал бий. Мөн борлуулалтын орлогыг гадаадын компанид байршуулах нь зөв үү, төсөл нь хэр богино хугацаанд үр ашгаа өгөх вэ гэдэг тухай ч яригдаж байна.
Эсвэл урт хугацааны дараа ашиг хүртэж эхлэх юм бол ард түмний, улс эх орны ашигт нийцэж байна уу гэдгээс гадна хамгийн ихээр яригдаж байгаа хувьцааны асуудал байгаа.
Иргэдийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг гэрээний«хүрээнд яаж авч үзэх юм. Монголын талаас хувьцаа эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг яаж тусгах вэ гэх мэтээр анхаарал татсан олон асуудал байна. Ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй учраас тэрийг нь тэгж шийднэ гэж хэлэхэд эрт байгаа.
Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Таван толгойг аль болох хурдан хугацаанд шийдээд эргэлтэд оруулах нь хамгийн чухал. Нөгөө талаар эдийн засаг, цаг хугацаандаа хавчигдаад буруу шийдвэр гаргачих юм бол алсдаа амаа барих асуудал болно. Тиймдээ ч асуудалд болгоомжтой хандаж байгаа.Гэрээний төслийг уншихад өнөөдөртөө үр ашгаа өгөх заалтууд байна. Урьдчилгаа хоёр зуун сая ам.доллар авах, төмөр замын ажлын нөхөн төлбөрт 280 сая ам.доллар, Чалкогийн өрийн 140 сая ам.долларыг төлөх гэх мэтээр.
Мөн эхний таван жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ, дээд тал нь 12 мянган монгол хүн ажлын байраар хангагдана гэдэг ч юм уу ийм чухал тоон үзүүлэлтүүд харагдаж байгаа. Энэ бүхнийг хэр бодитой байх бол, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудад хэр нийцэж байгааг судлах нь чухал болж байгаа.
Энэ бүхнийг ажлын хэсэг судалж л байна. Ашигт малтмалын тухай хууль, Газрын гээд бусад хуулиудтай хэр нийцэж байгааг дэд ажлын хэсэг судлан ажиллаж байгаа. Дахин хэлэхэд ажлын хэсгийн дүгнэлтээр гарц гаргалгааг тодорхойлолгүйгээр ухаан бодлоо уралдуулж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Асуудлын ард улс төр, өөр бусад эрх ашиг байгаа нь нууц биш байх. Тэглээ ч бүх талын эрх ашгийн тогтлолцоог зөв хараад бүх талын оролцоотойгоор асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм.
-УИХ гэрээг хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газар төслөө эргүүлэн татах ёстой гэж Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэгдсэн. Ямар шалтгаантай юм бол?
Ажлын хэсгийн ахлагч биднээс илүү мэдээлэлтэй байгаа байх. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой уг гэрээ зөрчилдөж байгаа гэдэг нь танилцуулгын үед яригдаж байгаа.
Газрын тухай, Ашигт малтмалын тухай гэх мэтээр. Тийм учраас ажлын хэсгийн ахлагч байр сууриа илэрхийлсэн нь тэр байх. Гэхдээ бидэнд өгсөн үүрэг тус бүрээр ажлын хэсэг дээр санал хураалт явагдана.
Түүний дараа л бодит мэдээллийг гаргах нь зүйтэй байх. Ер нь Засгийн газраас өргөн барьсан төслийг хэлэлцэх явц удаашраад, улс төр орж сунжраад байвал Засгийн газар буцаан татах эрх нь нээлттэй байгаа. Энэ боломжийг ашиглахыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас илүү оновчтой хувилбарыг гаргаж ирэх боломж ч бий. Ер нь бүхий л хувилбарыг барьж аван давхар ажиллаад явах ёстой.
-Ажлын хэсгийнхэн Засгийн газраас төслөө буцаан татахыг л хүлээж байгаа юм биш үү?
Тэр нь ч юу юм. Ер нь ийм боломжууд бий Байгаа бүх боломжийг судалж хэрэгтэй.
-Ажлын хэсэг сая орж ирсэн төслийг ямар ч нөхцөлд явуулахгүй учраас ийм саналыг Засгийн газарт тавьж байна гэж ойлгож болох уу?
Эцсийн байдлаар тийм дүгнэлт гарчихаагүй. Гэхдээ дэд ажлын хэсгийн бидэнд бэлдэж өгсөн материалыг харахад яах аргагүй эргэж харах шаардлагатай асуудлууд байна.
-Энэ гэрээг буцаачихвал дараа нь ямар хувилбар орж ирнэ гэсэн үг вэ?
Яригдаж байгаа бүх оролцогчдын эрх ашгийг шингээсэн хувилбар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах эрхийн тухай асуудал байгаа. Мөн хувьцаа эзэмшигч 553 аж ахуйн нэгжийг дагалдсан олон бүтээн байгуулалтын ажилд оролцоог нь хангах заалтыг гэрээнд тусгаж ч болох. Энэ мэтээр олон л асуудал байгаа.
-Л.Эрдэнэчимэг гишүүн консерциумыг дахин тендер зарлаж сонгох шаардлагатай, Орос, Солонгосын компаниудыг ч оролцуулах ёстой гэсэн. Үнэхээр эхнээс нь явуулах гээд байна уу?
Дахиад л хугацаа алдана. Ямар ч нөхцөл байдалд хүрлээ гэсэн Засгийн газраас оруулж ирсэн төслийг сайжруулаад явна. Үүнийг нь консерциум зөвшөөрөх үү үгүй юу гэдэг нь бас асуудал. Хүлээн зөвшөөрөхгүй бол өөр хөрөнгө оруулагчийг хайх шаардлага гарна.
Түүнээс биш гэрээг нь ярьж эхлээгүй байж "Та бүхнийг оролцуулахаа болилоо” гэж хэлж болохгүй байх. Сайжруулсны эцэст санал болгоход тэд оролцож болно шүү дээ. Тэр дундаа Монголоос гадны хөрөнгө оруулалт дайжсан энэ үед гэрээ байгуулахдаа ч болгоомжтой л хандах ёстой.
-Энержи ресурс, Шинхуа, Таван толгой компанийн төлөөлөлтэй ажлын хэсгийнхэн уулзсан уу. Тэд ямар саналтай байгаа вэ?
Уулзаагүй. Ажлын хэсэгт би санал тавьсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэж бий. Тэр зөвлөл төрийн төлөөлөл, эрдэс баялгийн бизнес эрхлэгчийн, иргэний нийгмийн төлөөллийн тэгш оролцоотой ажиллаж байгаа. Т эд эрдэс баялагтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахад зөвлөх эрхтэйгээр оролцох ёстойг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгасан. Мэргэжлийн зөвлөлөөс санал авъя гэдгийг би хэлээд байгаа. Одоохондоо энэ саналд хариу ирээгүй байна.
-Тэгвэл асуудлыг яг хэзээ УИХ руу оруулах юм?
Дэд ажлын хэсгийн танилцуулснаар Засгийн газраас ирэх ёстой гурваас дөрвөн албан бичигтэй танилцаагүй байгаа юм байна. Тэр бичиг нь ирчихвэл дүгнэлтүүдээ хумьж эхлэх боломж бүрдэнэ. Дутуу бичиг баримтуудыг өнөө маргаашгүй ирүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн байна лээ. Тэгээд энэ долоо хоногтоо багтаагаад дүгнэлтээ байна. :
-Ер нь энэ чуулганаар , цаашлаад энэ УИХ асуудлыг I шийдэж чадах юм уу?
Энэ хавартаа амжих байх. Өнөөдөр (өчигдөр) АН-ын бүлгийн хурлаар чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэх ёстой асуудлуудыг хэлэлцлээ. Тодруулбал, эдийн засагтай холбоотой хуулиудыг баталж гаргана гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Тэр ч үүднээсээ Засгийн газарт ажиллах боломжийг нь олгоё гэж байгаа. Амжуулъя гэвэл амжуулж л таарна.
-Ажлын хэсэгт Таван толгойг явуулахгүй гэж эсэргүүцэж байсан гишүүд бүгдээрээ орчихсон гэдэг шүүмжлэл бий. Та бүхний шийдвэр хэр оновчтой гарах юм бол доо?
Дэд ажлын хэсгийн ахлагч шийдвэр гаргахад оролцохгүй. Зөвхөн мэдээллээр хангана. Тэгээд бүрэлдэхүүнд байгаа УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх учиртай. Миний хувьд тийм л бодолтой байна. Гэхдээ гарцаагүй хууль зөрчсөн тохиолдол байх юм бол “Явуулах л ёстой” гээд гүрийгээд байж болохгүй.
Тиймээс эрүүл ухаанаар хандах шаардлага гарч байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч ч гэлээ нэг л саналын эрхтэйгээр оролцоно шүү дээ. Тэр хүн эсэргүүцэж байсан, ажлын хэсэг ахалж байгаа гээд давуу эрхтэйгээр оролцохгүй.