Ж.Энхбаяр БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр /2015.06.04/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён У Сун Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, БНСУ, Монгол Улс олон жилийн түүхт уламжлалт харилцаатай. Харин албан ёсоор дипломат харилцаа тогтоосны 25 жил болж байгаа бөгөөд энэ үед Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байгаадаа баяртай байна гэлээ. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан ЭСЯ-аас соёлын олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаагаа дуулгасан юм. Мөн тэрээр хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд УИХ болон Байнгын хороодын дэмжлэг чухал болохыг тэмдэглэсэн юм.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ноён У Суныг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах болсонд баяртай байна гээд “Таны дипломат албаны туршлага Монгол Улс болон БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шат ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн хоёр орны харилцаа улс төр, нийгэм, соёл, бизнес, эдийн засаг тэргүүтэй бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо бүх талаар дэмжин ажиллах болно гэв.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцож, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.