Байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ажиллав
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр /2015.06.08/ Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ажиллаж тус байгууллагын удирдлагуудтай уулзаж, салбарын ажил байдалтай танилцлаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даваа гараг бүр зохион байгуулагддаг хуралдаанд оролцох үеэр тус байгууллагын дарга Л.Пүрэвбаатар энэ онд хийгдсэн хийгдсэн ажил болоод цаашид төлөвлөгдсөн ажлуудын талаар мэдээлэл хийв.
Байнгын хорооны дарга Ж.Батсуурь тус байнгын хорооны бүтэц, эрхлэх асуудлын чиглэлээр болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн зарим асуудлын талаар танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ "Хэдийгээр Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам хараахан баригдаагүй ч энэ салбарын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байгаагийн сацуу ирээдүйд төмөр замын тээвэрлэлттэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх магадлал өндөр. Иймд төмөр замын өрсөлдөх чадварыг сайжруулахдаа энэ асуудал дээр анхаараарай гэдгийг хэлмээр байна. Аливаа байгууллагын зохион байгуулалт болон үр өгөөжтэй ажлын үр дүн нь сахилга, хариуцлагаас шууд шалтгаалдаг” гэлээ.
Мөн тэрээр улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн зарим асуудлын талаар товч танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь зарим зүйлийг тодруулж, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоохэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.